headerphoto

Маш олон хүн “эргээд очтол аав, ээж минь эсэн мэнд л байж байгааcай” гэж өглөө бүр залбирдагийг мэднэ

Монцамэ”агентлагийн Ерөнхий редактороор ажиллаж байгаад АНУ-ын Вашингтон хотод тусгай сурвалжлагчоор одон даруй таван жилийг үдээд ирсэн сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.

-Та АНУ-д нэлээд удах шиг боллоо. Явсан газрын сониноосоо хуваалцахгүй юу?
-Явж байсан маань өчигдөрхөн мэт санагдавч бас ч нэлээд хэдэн жил өнгөрчихжээ. Гэвч энэ жилүүд миний хувьд үйл явдал,хөдөлмөр бүтээл, сайхан дурсамжууд, сайн найз нөхдөөр дүүрэн, баялаг олз омогтой байсан санагдана. Тэдгээрээс чухам юуг нь онцолж сонирхуулахаа мэдэхгүй л байна шүү. -Хаана, аль хотуудад амьдарч байв?
Вашингтон хотод хоёр жил, Индиана мужын Блүүмэнгтон хотод гурван жил гаруй амьдарлаа. Блүүмэнгтонд АНУ дахь Монгол судлалын ганц төв нь байдаг. Мажаарын алдарт монголч эрдэмтэн Хар Дорж буюу Жорж Кара гэдэг Монголын нэгэн үеийн шинжлэх ухааны амьд түүх, нэвтэрхий толь болсон өвгөн бий. Эрдэмтэн хүн гэж ийм л хүнийг хэлэх болов уу гэж аргагүй биширсэн дээ. Мөн Кристофор Этвүүд, Жон Крүгер, Алиша Кампи нарын зэрэг америк дахь монгол судлалын гал голомтыг тасалчихалгүй залгуулан яваа хэд хэдэн нэртэй монголч эрдэмтэд бий.
Бас Далай ламын шууд ивээл доор байдаг Монгол-Түвдийн шашин, соёлын төв гэж бий. Тэргүүн болох Ажаа гэгээнтэн нь Хөх нуурын монгол хүн. Тэрээр одоо амьд сэрүүн байгаа хутагт хувилгаадуудын дунд Далай багшийн дараахан ордог өндөр хүндэтгэлт хүн. Амьдралын баялаг түүх намтартай, учирсан бүхэндээ хайр, гэрэл гэгээ түгээсэн аргагүй гэгээн л хүн бий дээ.
Тэр хүн Америкт Монголынхоо шашин-соёлыг маш амжилттай сурталчилж байгааг нь хараад бахархаж л явлаа. Мөн хүний нутаг гүний хошуунд яваа элэг нэгт олон монголчууддаа өмөг түшиг, ээл ивээл нь болж яваа хүн дээ.

-Блүүмэнгтон хотод монголчууд олон байх уу?
-Цөөхөн дөө, хүүхэд шуухадтайгаа нийлээд 30-аадхан л монгол хүн амьдардаг. Уулаасаа жижигхэн оюутны хотхон байгаа юм. Харин Вашингтон хот бол америк дахь Монголчуудын нэг томоохон төвлөрөл нь. Энэ хот орчимд 4000 гаруй хүн аж төрж буй гэсэн баримжаа тооцоо бий.Ортой байх. Ялангуяа Арлингтоны төв болох Росслин, эсвэл Колумбиа Пайк орчимд бол ер монголдоо байгаа юм шиг л алхам тутамд монголчуудтайгаа тааралдаж болно. Эндэхийн хэдэн гудамжны бараг онгорхой хаалга бүхэнд нь Монголчууд ямар нэгэн ажил төрөл эрхэлж таарна, хэдэн гудамж дамнаад бөмбөг сугавчилаад, харуул хамгаалалтгүй сэлгүүцэж яваа жаалуудтай таарвал, ямар ч эргэлзээгүй монгол хүүхдүүд л гэж мэд. Ер нь тэндэхийн монголчууд маань их өөдрөг, цоглог, хөдөлмөрч хүмүүс бий дээ.

-Өөрийн чинь тухай төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, Л.Мягмарсүрэн,
Г.Аюурзана нарын аян замын тэмдэглэлээс бичиг цаасны ажилтай зууралдсан, цаг завгүй хүн байдаг гэж уншиж байсан. Та тэнд юу хийж байв даа?
-Хэ хэ, тэдэнд л их завгүй хүн харагдаж л дээ. Ер нь америкт цаг хугацаа гэдэг бүхнээс үнэ цэнэтэй, цагийг үнэлж, цэгнэж, мэдэрч чаддаг нийгэм. Нөгөө “Алтны хажуу дахь гууль шарлана” гэгчээр тийм эрчилсэн хэмнэл, хөдөлгөөн, хөдөлмөр дунд ороод эрх биш бас жаахан завгүй, хөдөлмөрч царай гаргаж аахилж, амьсгаадаж гүйсэн байх л даа. Түүнээс биш би ч угийн алмай назгай хүн л дээ.
Гэхдээ бас зүгээр ч суусангүй ээ, “МОНЦАМЭ”-дээ мэдээ, мэдээлэл илгээхээс гадна Америкийн монголчууддаа зориулсан “Даяар Монгол” сэтгүүлийг найз нөхдүүдийн хамт гаргаж байлаа. Ганц би биш шүү дээ, бараг 30 гаруй хүний хөдөлмөр, зүтгэлийн хүчээр, хэдэн мянган монголчуудын маань итгэл сэтгэлийн дэмжлэгээр энэ сэтгүүл гарч байсан. Энэ сэтгүүл маань 2003 оны 12 сараас эхлэн 2007 оны 8 сарыг хүртэл долоо хоног тутам гарч, нийтдээ 136 дугаар хэвлэгдэн, америкийн 46 мужийн 150 орчим хотуудад 70 мянга орчим ширхэг тарсан. Тэгээд 2006 оноос электрон хувилбарт шилжиж, өнөөдөр манай сайтад өдөр тутам дэлхийн 40 орчим орноос хэдэн мянган монголчууд зочилдог болоод байгаа.
Харин хэвлэгдмэл сонины хувьд Даяар Монгол маань одоо Чикаго дахь Америк-Монголын нийгэмлэгийнхэнтэй хамтарч “Мэдээлэл-Инфо” гэсэн нэрээр арав хоног тутмын сонин болон хэвлэгдэж байгаа.
Түүнээс гадна Америкт аж төрж буй уран бүтээлчдийнхээ номыг эх барьж авч байлаа. Эх орноосоо алс хол байх уран бүтээлчийн онгодыг хөглөж, авъяасыг нээдэг бололтой юм. Америкт манай цөөнгүй уран бүтээлчид аж төрдөг, тэдэнтэйгээ байнга холбоотой байж, сайн муугаа ярилцаж, зөвлөлдөж байв. Зохиолч Д.Энхболдын “Казиног номхотгосон түүх”, яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн “Хас сар”, Лу.Батбаярын “Охин минь коллежоо төгсчихлөө”, “Энэ өдрийн тэнгэр айсуй”, Т.Бум-Эрдэнийн “Сэмэрч үл барагдана”, Д.Уранзулын “Зул бадамлах цагаар”, Ц.Энхтүвшингийн “Алтан олимпийн мөнгөн дурсамж”, Д.Оюунчимэгийн “Тэнгэрийн цаг болоогүй”, “Хайрын домог”, Б.Аариймаагийн “Америкт тавтай морил” зэрэг өгүүллэг, тууж, яруу найраг, нийтлэл, орчуулгын нийт 30 гаруй номыг редакторлож, эх барьж авав.

-Эдгээр номууд англи хэлээр гарч байв уу?
-Яалаа гэж, Америкийн утга зохиолын тавцанд гарна гэдэг тийм ч амархан биш. Гэхдээ манай монголчуудад тийм боломж, нөөц бий, удахгүй тэндэхийн утга зохиолын хүрээлэлд өөрийн баттай байр суурьтай болох ч байх гэж найдаж байгаа.
Харин дээрх номуудыг америкийн монголчууддаа зориулж монгол хэлээр л хэвлэн гаргаж байлаа. Америкт чинь 20 мянга гаруй монголчууд аж төрдөг шүү дээ. Тэгээд ч харьцангуй уншдаг, боловсролтой хүмүүс. Дээрх номнуудаас Д.Энхболд ахын “Казиног номхотгосон түүх”, Л.Мягмарсүрэн ахын “Хас сар” түүврүүд Монголдоо хэвлэгдэж, зохих хэмжээгээр үнэлэгдэж, шуугиан тарьсан юм билээ. Одоо удахгүй Т.Бум-Эрдэнийн маань “Сэмэрч үл барагдана” өгүүллэгийн түүвэр монголдоо хэвлэгдэх байх. Уншигчид, судлаачид энэ түүврийн уншаад үгээ хэлцгээнэ байх аа.

-Танай “Даяар Монгол” сэтгүүл америк дахь анхны монгол хэвлэл байв уу?
- Үгүй ээ, америк дахь монголчууд маань бусад оронд буй монголчуудтайгаа харьцуулахад их эвсэг, санаачилгатай хүмүүс санагддаг. Америк дахь анхны Монгол хэвлэл бүүр 2000 оны эхээр Денвер хотод “Денверийн мэдээ” нэрээр гарч байсан юм билээ. Түүнээс хойш “Америкийн монголчууд”, “Замдаан”, “Монгол мэдээ”, “Гарьд”, “Өнөөдөр-америкт”, “Таванцагираг-америкт”, “Болор толь” гээд олон сонин сэтгүүлүүд урт богино янз бүрийн хугацаагаар гарч байсан ба одоо ч гарч байгаа.

-Өө, зөндөө олон хэвлэлтэй юм аа…?
-Харин тийн. Ер нь цагаачлал монголын нийгэмд нэн шинэ үзэгдэл. Урьд өмнө ингэж хэдэн арван мянгаараа бүү хэл ганц хоёроороо ч гадагш цагаачилж байсангүй. Дундад зуунд ойж нүүсэн Ойрд түмнээ эс тооцвол Монголчууд бидэнд цагаачлалын түүх, туршлага ч байсангүй. Гэвч манайхан сүүлийн арваадхан жилд хэдэн арав, зуун жилийн цагаачлалын түүх, арвин туршлагатай япон, солонгос, хятад, мехсик, зүүн өмнөх азийнхантай энэ зэрэгцэхүйц баялаг туршлага хуримтлуулж, түүх намтартай болж, олон үндэстний цагаачдын өлгий нутагт өөрийн гэсэн тод томруун орон зайтай болж чадаж байгаа нь барим тавим харагдах боллоо. Энэ их сайхан бахархам юм.
Төрөлх хэл дээрх сонин хэвлэл гэдэг цагаачдад амин чухал зүйл байдаг. Энэ талаараа америк дахь Монголчууд маань их хол алхсаны илрэл нь дээрх сонин хэвлэлүүд. Түүнээс гадна бараг монголчууд суурьшсан хот бүхэнд мэдээлэл солилцооны yahoogroup-үүд амжилттай ажиллаж байна. www.mongolmedee.mn, www.zamdaan.com. www.orloo.com, www.hamagmongol.mn, www.tsahim.us, www.medeelel.com, гээд олон тооны мэдээллийн сайтууд ажиллаж байгаа.
Эдгээр мэдээллийн хэрэгсэлүүдийн үр ашгийн тухай олон зүйлийг ярилтгүй. Зөвхөн манай муу алгын чинээ сонин, сэтгүүлээр дамжин 200-гаад хүн ажилд орсоныг би мэднэ. Ажилд орлоо, баярлалаа гээд утасдах, талархалын захидал ирүүлэх, бас зарим нь цалингийнхаа дээжнээс 50, 100 доллар илгээх нь ч бий. Тэднийгээ тоолоод л тэр шүү дээ. Цаана нь ажлаа олчихоод чимээгүйхэн хийгээд яваа хэдэн ч хүн байгааг мэдэхгүй. Мөн хичнээн хүн байр савтай болсоныг мэдэхгүй. Олон хүн эрүүл мэнд, хууль зүй, хэл ус, бизнесийн гээд олон төрлийн туслалцаа, санаа оноо авсан байх. Мөн эх нутаг, элгэн саднаа санасан сэтгэлд нь ч ижил түшиг ч болж байсан. Мэдээлэл дутмагаас болоод визээ харлуулах, бичиг баримтаа олж авч чадахгүй байх, элдэв хэрэг төвөгт хялбархан орооцолдох, олон сайхан боломжийг алдах гээд бэрхшээлүүд гардаг. Чухам энэ үүднээс л цагаач иргэдэд мэдээлэл гэдэг хамгийн чухал зүйл. Бас энэ үүднээсээ ч манай “Даяар Монгол” тодорхой хугацаанд үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэсэн гэж боддог.
Одоо бол нэгэн үеэ бодвол гадаадад буй монголчууд маань мэдээллийг авах арга, боломж 4-5 жилийн өмнөхөөс хэд дахин, бүр 10 дахин нэмэгдсэн. Тэгэхээр өөр, илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа, мэдээллийн хэрэгсэл шаардлагатай ч байж магадгүй. Залуус маань нэгийг бодож, санаж яваа байх аа.

-Манайхан ч гадагшаа л гарч байвал хаана ч амьдарсан хамаа байж уу гэсэн бодолтой болчихож…? Таны амьдарч байсан Америк орон хүсээд байхаар “диваажин” мөн үү дээ?
-Чухам энэ Монголоос л гарч байвал хаана ч яахав гэж буй нь манай нийгэмд өгч буй хамгийн бодит үнэлгээ байх. Энэ эмгэнэл л дээ. Үнэхээр ч тийм байгааг ирсээр харж мэдэрч байна. Уг нь бид чинь эх оронтой хүмүүс. Хөөгдмөл туугдмал, золбин тэнэмэл хүмүүс биш шүү дээ. Эх орондоо шударга хөдөлмөрөө үнэлүүлээд, элбэг хангалуун сэтгэл түвшин амьдрах бололцоотой байсансан бол ингэж нийгмээрээ хариар өвчлөх үү?
Америк аргагүй олон олон улс түмнүүдийн сэтгэлийг татсан, хүний хөгжих, хөдөлмөрлөх, аж төрөх бололцоог зохих хэмжээнд хангаж чадсан нийгэм. Гэвч, ер хүний нутаг бол хичнээн сайхан ч хүний л нутаг шүү дээ.

-Та америкт буй монголчуудынхаа тухай сайн сайхан зүйлсээс зөндөө ярьлаа, бас бэрхшээл, сүүдэр зовлон зөндөө л байгаа даа?
-Өө, сайн сайхан зүйлсийнх нь зөвхөн зах зухаас л ярьлаа шүү дээ. Цааш нь ярьвал маш олон зүйл байгаа. Маш олон монгол залуус маань үйлдвэр цех, компаниуд, ресторан, хими цэвэрлэгээ, барилга, засвар үйлчилгээ, машины дилер, үл хөдлөх хөрөнгийн зуучлал гээд жижиг дунд бизнесийг амжилттай ажиллуулж байгаа. Миний л мэдэхээр зөвхөн Вашингтон хот орчимд л Монгол эзэнтэй 40 орчим аж ахуйн нэгж бий гээд бодчих. Бас олон монгол залуус америк залуусын хувьд мөрөөдөл нь болж байдаг дэлхийд нэр хүнд бүхий томоохон компаниудад салбарын эрхлэгч хүртлэх янз бүрийн алба хашиж байна. Америкийн олон муж, дүүргийн урлаг, спортын дэвжээнд цөөнгүй монгол хөвгүүд, охид маань гайхуулж, бахархуулж, бахдуулж явна. Тэр бүгдийн нэр усыг дурдвал уртаас урт цуваа гарч, танай сонины зай талбай багадах нь магад. Мянга мянган залуус их дээд сургуульд суралцаж байна.
Олон хотуудад Монгол холбоо нийгэмлэгүүд байгуулагдсан. Жил бүрийн 7 сард АНУ-ын 30 гаруй хотод нэгэн зэрэг Монгол наадам болдог, 2 сард цагаан сараа яг л монголдоо байгаа юм шиг өргөн дэлгэр тэмдэглэдэг, Улс тунхагласны баяр, Шинэ жилээ Улаанбаатартаа байгаа юм шиг нижгэр хөгжүүн тэмдэглэдэг болсон. Зарим наадамд 1400-1500 хүн цугларч, аймгийн наадмын хэмжээний арга хэмжээ болох нь ч бий. 5 хотод монгол сургууль байгуулагдлаа. Монгол соёлын төв амжилттай ажиллаж байна. Хэд хэдэн урлагын хамтлаг, клуб үйл ажиллагаа явуулж байна. Монгол эмнэлгүүд ч бий.
Энэ бүхний цаана АНУ-д дахь Монгол Улсын сурталчилгаа маш амжилттай байна гэсэн үг. 5 жилийн өмнө Монголыг маань мэддэг америк хүн тун цөөн таардаг байсан бол одоо бараг л бүгд мэддэг болжээ.
Ер нь монголчууд маань цөөн гээд цөөддөггүй, эрч хүчтэй, эрчим чадалтай, нөөц чадвартай хүмүүс юм. Зөв эрүүл орчинд ороод ирэхээр тэр нь чадвар маш тод томруун харагдах юм билээ.
Виржиниагийн Арлингтон дүүргийн дунд сургуулийн нэгэн багш ингэж ярьж байсан. Тэдний ангид хоёрхон монгол сурагчтай, гэвч тэр хоёр хэзээ ч цөөддөггүй, үймүүлэхдээ ч, үлгэрлэн дагуулахдаа 20 латино хүүхэдтэй яг тэнцүү, заримдаа анги нь зөвхөн тэр хоёроор амьсгалж байдаг гэж бахархангүй байсан.
Тун удалгүй гадаадад буй, ялангуяа америкт буй монголчуудаас маань оюуны болоод хөрөнгө санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт эх монголдоо орох байх гэдэгт итгэлтэй явдаг даа.

Мэдээж, гэрэл байсан газар сүүдэр байх нь ойлгомжтой. Аль ч үндэстний цагаачдыг дайрдаг тэр бэрхшээл бүхэн монголчуудыг маань тойрч гарахгүй.
“Соёлын шок” гэгддэг тэр нийтлэг үзэгдлийг харин ч монголчууд маань богино хугацаанд хөнгөхөөн туулчихаж байх шиг харагддаг. Гэхдээ хэцүү хүнд зүйл бишгүй. Тэр хүнд бэрх ялангуяа эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд маань илүү хүндээр тусч, илүү хүнд ачаа ногдож байх шиг байдаг.
Аав ээж, амраг хань үр хүүхдээсээ амьдын хагацалд байна гэдэг тийм амар биш. Олон хүн өр зээл тавиад очдог, очоод ажил олдохгүйгээс өр зээл нь улам арвижаад, олдсон ч ажлын хүнд, дасаагүй цаг агаар, орчин, гэр бүлийн маргаан, гутрал гээд хэцүү бэрхшээлд нугарч амиа хорлох нь нэлээд бий. 2005-2006 онуудын хооронд 13 хүн амиа хорлосныг мэдэх юм. Олон хүн стресст орж, хар залуугаараа улиг архаг өвчтэй болж, эрүүл мэнд, амь насаа алдаж байгаа. Өдөрт 10-15 цаг хөл дээрээ зогсож ажиллах нь элбэг. Ер нь америкт амархаан доллар цуглуулчихна гэж бодож очвол “Их санасан газар долоо хоног хоосон” гэгч л болно. Зовж, зүтгэж байж, нөөц бололцоогоо гаргаж байж л мөнгө олно. Ер хаана ч тэр, гэхдээ америкт хэн зүтгэж чадна тэр сайхан амьдрах боломжтой байдаг нь давуу юм.
Мөн гэр бүл салах, өнчрөх нь их түгээмэл. Би тодорхой тоо хэлж мэдэхгүй ч их гэдгийг хэлж чадна. Хүүгээ 2 настайд нь орхиж АНУ-д очоод 4 жил уулзаж чадаагүй байтал хүү нь гэнэт өнгөрсөнийг сонсоод муужран унаж байгаа бүсгүйн дэргэд байхдаа энэ ямар хэцүү болохыг би яагаад ч илэрхийлж чадахгүй юм байна даа гэж бодож байсан. Дотнын хоёр найз маань аавтайгаа уулзаж чадаагүй нэг нь 7, нөгөө нь 5 жил болсон, тэгээд аль аль нь уулзаж чадалгүй өнгөрөөсөн. Нэг нь надад уйлаад ярьж байсан, мөнгө, машин, сайхан байр энэ бүхэн ер юу юм бэ, ганц өдөр ч болов аавынхаа хажууд нь байж, аяга халуун цайг нь дөхүүлж, хөлийг нь хучаад өгч чадсангүй, тэр дотно сайхан үнэрийг нь мэдэрч чадсангүй гээд… Би ч мөн америкт байхдаа аавтайгаа, хоёр том эгч, бас том хүргэн ахтайгаа уулзаж чадалгүй явуулчихсан. Хэцүү л юм билээ. Ер нь аавууд хөөрхий яваад л өгцгөөх юм даа, харин ээжүүд бол их тэвчээртэй хүлээдэг бололтой догоо. Маш олон хүн “за эргээд очтол аав, ээж минь эсэн мэнд л байж байгаарай” гэж өглөө бүр залбирдагийг мэднэ.

-Хэцүү л сонсогдож байна шүү. Гадаадад цагаачилж буй хүмүүст бүгдэд нь тохиолддог байх даа. Нааш цааш явж, уулзаж учрах боломж тийм бага уу?

-Тэгэлгүй дээ. Харлах буюу хууль бусаар оршин суухын хэцүү нь тэндээ юм. Бусад орнуудтай харьцуулахад америкт өөрөө л хэрэг төвөг тарьчихгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байвал ямар ч цагдаа ирж шалгаад, ухаж төнхөөд байхгүй л дээ. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь тэр нийгэмдээ аж төрж буй хүн бүхэнд хамаатай учраас тэр.
Одоо гадаад орнуудад 120 мянга гаруй монгол иргэн аж төрж буй гэсэн тоог албаны хүмүүс хэлж байна лээ. Магадгүй энэ тоо бодит байдал дээр 2 дахин илүү ч байж магадгүй. Гадаадад буй иргэд манай нэлээд идэвхтэй, боломжтой, дундаж болон түүнээс дээд түвшиний, тэгээд ид ажиллах, бүтээх насны хүмүүс голдуу. Энэ цагаачлалын үзэгдлийг дагаад олон шийдвэрлэвэл зохих асуудлууд гарч ирж байгаа юм.
Хамгийн түрүүнд давхар иргэншлийн асуудал. Зөвхөн америкт л гэхэд нэг жилд 500 орчим монгол хүүхэд төрж байгаа гэдэг. Энэ тоо жил тутам хурдацтай өсөж байгаа. Маш олон эмэгтэйчүүд америкийн иргэнтэй гэр бүл болж байна. Мөн олон чадварлаг залуус америкийн иргэншилтэй болж байна. Энэ тал дээр манай төр зоригтой алсыг харсан уян хатан алхам хийгээд явбал алсдаа иргэддээ ч, улс орондоо ч сайн үр дагавар нь авчрах нь ойлгомжтой. Давхар иргэншил гэхээр л бүх оронтой задгайрчих юм шиг ойлгож болохгүй байх, тодорхой хязгаарлалт зохицуулалт байх нь мэдээж хэрэг.
Удаад нь гадаадад буй тэр олон мянган иргэд маань сонгох сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Наад зах нь сонгох эрхээр нь дамжуулаад төр тэднийхээ анхаарлыг эх оронд нь татах болно шүү дээ. Ний нуугүй хэлэхэд одоогийн эрх баригчид маань гадаадад буй иргэдээ сонгуульд оролцуулах баахан дургүй байгаа юм биш үү гэсэн хардлага төрсөн. Дэлхийн олон орон харьд буй иргэдээсээ саналыг нь авдаг туршлагууд бэлээхэн байхад манайх л авах боломжгүй, нөхцөл бүрдээгүй гээд суугаад байгааг ер ойлгохгүй байгаа. Эдгээр асуудлуудаар “Цахим өртөө” сүлжээний андууд маань болон зарим Монгол холбооныхон удаа дараа дуу хоолойгоо сонсгож, зарим тодорхой ажлууд хийж ирсэн.
Ер нь Монголын төрөөс гадаадад буй монголчууддаа хандсан төрийн бодлого илт үгүйлэгдэж ирсэн. Харин С.Баярын энэ засгийн газар гадаадад буй монголчууддаа зориулсан тэтгэмж, туслалцааны сан байгуулсан нь нэг алхам болж байх шиг байна.

-Уран бүтээлч хүнээс уран бүтээлийн олз омог их үү гэж асуух ч илүүц байх аа даа?
-“Америкаас хэдэн машин, хэдэн контейнер ачуулав” гэж надаас найз нөхөд маань наргиа болгон асууж байлаа. Энэ талаас нь харвал таг л даа. Харин уран бүтээлийн олз омгын хувьд контейнер, контейнерээр олз омогтой. Цагаачлан амьдарч буй монголчуудтайгаа хамт байж, зовох цагт нь зовж, жаргах цагт нь жаргаж, хамтдаа уйлж дуулж явсан минь миний хамгийн том олз юм. Цөхөрч, гундаж, бас итгэж сэхэж ч явав. Америкийн 50 муж улсад бүгдэд нь танил найз нөхөдтэй боллоо. Наддаа бол үүнээс илүү баялаг гэж байхгүй дээ. Тэгээд энэ амьдралаасаа сэдэвлээд “Цагаачид” гэсэн нэг роман бичсэн дээ. Уг нь анхлаад “Өнчид” гэсэн нэртэй байсан юм. Ийн нэрлэхийн учир нь ер хэдэн жилийн өмнө эхэлж цагаачилж очиж байсан хүмүүс маань харж хандах, хайхрах, өмгөөлөх хүнгүй, үнсэнд хаягдсан шалз шиг ёстой бор зүрхээрээ зүтгэж байсан даа. Яг л өнчин өрөөсөн юм шиг.. Зан ааш нь хүртэл өөнтөгч, гомдомтгой талдаа. Одоо бол харьцангүй өөр болсон л доо. Цагаачлалын анхдагчид гол хэцүү ачааг нь үүрсэн.
Мөн сониндоо нийтлүүлж байсан нийтлэл, тэмдэглэл, ярилцлага, сурвалжлагуудаа баяжуулаад нэг нийтлэл тэмдэглэлийн ном гаргадаг юм билүү гэж бодож байна. Товчхондоо манай сонин америкийн монголчуудын сүүлийн 5-6 жилийн түүх бичлэг болж архив болсон юм.
Мөн Түүхийн сэдвээр “Хөх илдний очис” нэртэй нэг цуврал юм нухаад л байна. Хэсэг байгаад эргээд харахаар хаа нэгтэйгээ худлаа болчихоод, дахин дахин нухсаар л сууна. Ер нь түүхэн зохиол их хэцүү юм аа, тэр цаг үеийнхээ агаараар нь амьсгалж, айдас түгшүүр, омог бахархалыг нь мэдэрч байж л бичихгүй бол ер хуурай хоосон болчих гээд болохгүй юм. 1175 онд Сүбээдэй баатар төрсөнөөс эхлээд Монголын эзэнт гүрний задрал шувтарч, тэр эрчим хүч Европ рүү шилжин очих хүртлэх үеийг хамрах юм.
Бас монголын түүхийн ер бусын агшинуудыг түүвэрлэж тусгасан “Түүхэн зурвасууд” гэсэн нэг туурь, нийтлэлийн ном байгаа. Бас бус жаал жуулхан юм бий. Одоо цагт нэг зүйр үг гарсан байна лээ шүү дээ. “Суусан даргаас явсан цэвэрлэгч дээр” гэж…

-Америк, Монгол хоёр орны ялгаа мэдээж их байгаа биз?
-Байлгүй яах вэ, бидний сүүлийн хэдэн жилд туулж буй энэ үймээн бужигнаант амьдралыг чинь америкчууд бүүр зуун жилийн өмнө туулж, туршлагжиж, болдог болдогүйг нь яс цус, хөлс хүчээрээ хэмжсэн ард түмэн.
“Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн дор аж төрдөг” нэг ёсон бий. Америкт хууль дээр доорыг алагчлалгүй шударга үйлчилж чаддаг нь хөгжлийн, хүний сэтгэлийг татахын нэг эх сурвалж юм. Харин манайд хууль журам байдаг гэдэгт эргэмзмээр байх юм. Хаа сайгүй.
Бас сэтгэлгээний нэг томоохон ялгаа байгаа нь америкт ажил яаж олох вэ, яаж хийх вэ гэж боддог бол манайд мөнгө яаж олох вэ гэж боддог. Ийм сэтгэлгээ амь бөхтэй байгаа цагт хүний амьдрал өөдрөг байх нь ямар л бол. Ямар ч нийгэм баялагыг бүтээж байж л хөгждөг. Хэрэглэгч нийгэм, хэрэглээний эдийн засаг хүний хөгжлийг ч боомилж орхино шүү дээ.
Мөн Монгол оронд монгол хүний үнэ цэнэ ер алга болчихоо юу даа. Монгол хүн монгол хүндээ гудамжны золбин нохойноос ч дор харагдаж, сэтгэгддэг болчихсон юм биш байгаадаа гэсэн нэг тааруухан сэтгэгдэл төрж байна.

-Та монголынхоо өнөөгийн байдалд баахан сэтгэл дундуур байгаа юм аа даа. Нийгэм маань сайхан хөгжиж байгаа нь танд анзаарагдахгүй байна гэж үү?
-Олон сайхан барилга баригдаж, машин тэрэг нь олон болсоноор нийгмийн хөгжлийг хэмжинэ гэж байхгүй л дээ. Харахад энэ 5 жилд олон зүйл өөрчлөгдөж, гэвч нийгэмд нэг л гаж сэтгэлгээ ноёлж байна. Шударга ёс, үнэн байдаг гэдэгт хүмүүс эргэлзэж, цөхөрч байна. Нийгмийн ялгаа туйлруугаа дөхөж, цөөн хэсэг нь амьдралаас, нийгмээсээ салаад тасраад арабын баячуудаас ч илүү амьдардаг, ихэнх олонхи нь туйлдсан, цөхөрсөн, дөжирсөн, бүр улангасах талдаа ойрхон байдалтай байна. Нэг монгол залуу 500 мянган доллартай америкт оччихоод 300 мянгаар нь казинод тоглож өгчихөөд, үлдсэнээр нь наргиж цэнгэж үрчихээд буцаж байхыг хараад би ер ойлгохгүй байсан. Казиногийнхон “Монгол гэдэг чинь ийм баян орон байдаг юм уу” гээд л асууцгаагаад. Харин энд ирээд тэр бол ойлгомжгүй зүйл биш болохыг ойлголоо. Нийгмийн энэ их ялгарал яавч сайн зүйл биш ээ.
Ганц нэгхэн жишээ л хэлэхэд нэг найз маань намайг 9911-тэй утас аваарай, өөр утас аваад хэрэггүй шүү гэж зөвлөлөө. Учрыг нь лавлахаар өөр номертой утас авбал чиний дуудлагыг тоож авах хүн ховорхон шүү гэж байна. Энэ бол зүгээр л солиорол. Нийгмийн сэтгэлгээ хэрхэн дампуурсаны илрэл. Иймэрхүү гаж байдал амьдралын бүхий л салбарт ажиглагдаж байна.
-Тэр ч тийм шүү. Гэхдээ бид ч дотор нь байсаар энэ байдалд дасч, ер гаж биш юм шиг санагдах болж дээ. Бас эмгэнэл л байх даа? Та ч гэсэн хэсэг хугацааны дараа дасан зохицох л байх даа?
-Харин тийн. Гэхдээ аль болох дасахгүй байхыг хичээж, энэ гаж байдлыг хүлээн зөвшөөрөхийн эсрэг байна. Ирсээр олон олон хүнтэй уулзаж, ярилцаж, санал солилцож явна. Нийгэмд эрүүл саруул сэтгэлгээ ховорхон болж, хаана ч, хэзээ ч гажиж болшгүй шударга үнэний зарчим гээч юм зүгээр л хүүхэд нохойн доог болж явна уу даа гэмээр байна. Загас- усгүй бол, хүн агааргүй бол үхдэгтэй адил нийгэм шударга ёсгүй бол амиа хорлох болно. Одоо тийм дээрээ ойрхон байх шиг байна аа. Би уг нь бараг засрашгүй романтик хүн л дээ. Гэхдээ л булавч бултайна, даравч дардайна гэдэг шиг нүдний өмнө ил тод харагдаж байгаа энэ зүйлсийг харахгүй, хэлэхгүй, эмзэглэхгүй гээд яах юм бэ?
Ирсээр Толгойтын эцэст байх хөгшин ахындаа очлоо. Уул толгод уу, эсвэл хог уу гэдэг нь ялгагдахаа байчихаж, тэр Байгал орчны Яам, Эрүүл мэндийн Яам, тэр хот, дүүргийн захиргаа юу хийж, юу харж байдаг юм бүү мэд. Хүн арддаа хайр зарлаад давхиад байгаа энэ олон нэр дэвшигчид юу бодож, харж явдаг юм, бүү мэд. Гэтэл өнөөдөр дүүргийн засгаасаа эхлээд л сайд нь хүртэл ичих ч үгүй УИХ-ын гишүүн болно, улс орноо улам сайхан болгоно гээд нэр дэвшээд явж байна. Уг нь ажил хэргээ ийм байдалтай хашсаныхаа төлөө тэднийг дахиад төрийн албаны босгоор хэзээ ч гишгүүлэхгүй байх учиртайсан.
Сонгууль гэснээс бизнесийнхэнээс олон хүн улс төрлүү хошуурч байна. Бизнесээс нь илүү ашигтай болоод л тэр байдаг байх даа. Үр дүнг нь бид сүүлийн хэдэн жил ханатлаа амссан. Одоо болимоор юм. “Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болдог, хулгайч хүн хуруу хазайвал алуурчин болдог” гэж нэг үг байдаг даа. Манай бизнесийн орчин ямар билээ, шулуухан хэлэхэд цэвэр луйврын орчин л байгаа шүү дээ. Тэгээд тийм орчноос улс төрд гишгэж байгаа хүмүүс чинь эргээд төрөө яг тийм наймаа болгож орхих нь аргагүй л дээ.
Дээр нь өнөөдөр улс төрийн намууд бүрэн дампуурлын байдалтай байна. Юун зүүн барууны үзэл, мүзэл. Юун Улс төрийн намын төлөвшил. Түүнээ мэдэж, санаж байгаа хүн энэ намуудад ер нь байгаа юм уу. Улс төрийн намууд гэхээсээ ашиг сонирхолын бүлэглэлүүд гэвэл илүү үнэнд ойртож очихоор… Эсрэг сөргөлдөгч намаа зөв ч байсан, буруу ч байсан гөвж л байдаг нэг тийм дайсагнасан хандлага намуудын харьцаанд байсаар байна. Намуудын энэ эрүүл бус зөрчилдөөн нийгмээ ч утга учиргүйгээр талцуулж байна.
“Гавьяатай аваас дайснаа ч шагнасугай, Гайтай аваас шадрыгаа ч шанталсугай” гэсэн Эзэн Чингисийн маань зарчим ер сураг ч алга. Ингэхэд бид чинь нэг л газар шороон дээр, Монгол гэсэн нэг л бичилхэн хүрээнд хамтдаа нэг агаараар амьсгалж амьдарна шүү дээ.
Уг нь аль ч намд эрүүл саруул хэсэг бий. Тэд нь одоо нэгдэж, сэргэж хамтрах тал дээрээ анхаармаар юм. Тэгээсэй ч гэж уриалмаар байна.
Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олдоггүйн зовлонг бид ханатлаа амсаж байна даа. Тэгээд энэ дээдсүүд маань нийгмээ ингэж бохирлож, буртаглачихаад, өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амьдрах агаарыг, уудаг усыг ингэж бохирдуулчихаад яаж сайн сайхан, эрүүл саруул, сэтгэл түвшин амьдарна гэж бодоод, итгээд байгаа хүмүүс юм болдоо, гайхалтай…
-Дээдэс гэж та тодорхой хүмүүс дээр хэлж байна уу?
-Тийм, тун тодорхойгоос нь хэлбэл Ерөнхийлөгч Н.Энхбаяраас эхлүүлмээр байна.
-Та тэгвэл нийгэмд юу дутагдаж байна гэж бодож байна вэ?
Хэдийгээр олон түмэн бухимдаж, цөхөрч байгаа ч гэсэн хэрвээ зөв зүйтэй, шударга юм гараад ирвэл бүгдээр түрхэрэн дэмжихэд бэлэн байдалтай байна. Энэ нь бидэнд хөгжих, энэ гажуудлыг засах бүрэн боломж байгаа гэдэгт итгэх итгэлийг өгч байна.
Үзэл санаа, үзэл сурталгүй нийгэм өөрөө аяндаа үжирч ганддагийг бид бэлээхэн харж байна. Магадгүй бидэнд хөгжлийн үзэл санаа амин чухал хэрэгтэй байгаа байх. Тэр нь Чингис хаанаа тойрсон үндэсний сэргэн мандах үзэл ч байж магад юм. За улс төр лүү хальтраад, сүүлдээ хадуураад ирэх нь дээ хоюулаа яриагаа татвал яасан юм бэ.
За тэгэе дээ.
Ярилцсан Л.Батцэнгэл /Өдрийн сонин/



Үргэлжлэл...

Ойрадыг манжууд хэрхэн байлдан дагуулсан тухай шинэ ном Америкт гарлаа


Массачусеттсийн Технoлoгийн дээд сургуулийн (MIT) түүхийн ухааны профессoр, манж судлаач Петер Пeрдү (Peter C. Perdue) гуай Ойрадыг манжууд хэрхэн байлдан дагуулсан тухай ном бичиж, дэлхийн монголч эрдэмтэд, түүх сонирхогчдын хүртээл болголоо. Уг номын нэр нь “China Marches West: - The Qing Conquest of Central Euroasia”, үгчилбэл “Хятадууд баруунд довтолсон нь: Чин улсын Eврoазид хийсэн эзлэн түрэмгийлэл” болно.








Манж, xятад хэлтэй Пeрдү гуай Xятадын номын сан, түүхийн архивуудыг 17 жил ухаж түнхэж явахдаа, тэдний ач холбогдол өгдөггүй, хоёр дахь ангилалын материал болгодoг Монгол болон дундад азийн асуудлыг амтархан үзэж, улмаар судалгааны зорилгоо энэ салбарт шилжүүлсэн байна.
Харвардын их сургуулийн хэвлэх үйлдвэр уг номыг А4 хэмжээний хатуу хавтастай, шохойтой цаасан дээр 752 хуудастайгаар 2005 онд хэвлэжээ. Анх 35$ үнэтэй гарсан боловч одоо amazon.com дээр 22$ хүртэл үнэ буурсан байна.

Пeрдү гуайн үзэж байгаагаар XҮII зуунд Eврoазид Орос, Ойрад, Манж гэсэн 3 том гүрэн оршин тогтнож байгаад Орос, Манжийн шахалтаар Ойрадууд дундад ази руу нутгаа тэлж, худалдааны гарц гарган тусгаар тогтнолоо хамгаалах гэж чармайж байсaн хэдий ч Манжийн удаан хугацаанд явуулсан үе шаттай нарийн байлдааны үр дүнд тэд хэрхэн устcан талаар түүхийн маш нарийн ээдрээтэй үеийг oрос, хятадын эрдэмтдээс ангид харж, энэ номоо бичсэн байна. Уг ном нь бидний дунд бүдэг бадаг уламжлан үлдсэн, баруун Монголын баатарлаг ард түмний түүхийг нарийвчлан судлахад маш чухал ач холбогдолтой, гарын авлага матeриал болoхуйц өндөр түвшинд бичигджээ. Түүхийн бодит асуудлыг Xятадын талаас биш, Mонголын талаас биш гадны хүний нүдээр гярхай харж, бодит дүгнэлт гаргасан энэ номноoс зарим нэгэн баримтыг та бүхэнд сонирхуулья.

Монголч эрдэмтэн, профессoр, буурал өвгөн ах Захчид цэцэн хэлж байсан, Енхэй-Гүнг сүмийн үүдний чулуун хөшөөн дээрх 4 хэлээр тунхагласан манжийн хааны зарлигийг энэ номонд нарийвчлан дурджээ. Мөн жадаар гарамгай байлддаг, баруун Монголын жанжин Аюуш манжид хүчин мөхөсдөж ялагдаад, манжийн хааны өршөөлөөр амь гарсны дараа өөрийн мэдлийн 6500 морин цэргээ авч Mанжид дагаар орон, баруун Mонголыг дарах дайнд өөрийн ахан дүүсээ хядаж, гарамгай гавъяа байгуулсан хэмээн манжийн хааны дайчин алдрын танхимд зураг нь мөнхөрчээ. Энэ номонд хорыг хороор угаах буюу, монголыг монголоор устгуулах үйл ажиллагааг олон баримтаар ил гаргасан байна. Мандан бадарч явсан үеэ зөвхөн дурсдаг монголчууд бидэнд ихийг мэдүүлж, нэгийг сэнхэрүүлэх сайн бүтээл болжээ.

Бэлтгэсэн, Ш.Баатар
http://shbaatar.blogspot.com/ Блогоос авав



Үргэлжлэл...

Гоёл

Хотын төвийн тансаг зоогийн газар хөл хөдөлгөөн ихтэйн дээр намуухан хөгжимийн аятай сүлэлдэн хүмүүсийн яриа хүнгэнэн, хаа нэгтээ аяга таваг харшихаас өөр чимээ үл сонстоно, булангын хоёр хүний ширээнд ганцаар өдрийн хоолоо идэж суугаа өндөр биерхүү, шаргал царайтай цэвэрхэн залууг Бадрал гэх бөгөөд '' Гадаад хэргийн яам ''-нд хариуцлагатай албан тушаал хашдаг, өсөж яваа ирээдүйтэй мэргэжилтэн энэ залуу өдөр бүр танил дотно болсон энэхүү зоогийн газарт хооллож, орж гарсан гадаад дотоод хүмүүсийг харж суух дуртай яг л тэр зангаараа өдрийн хоол идэнгээ, хүмүүсийг харан суугаа нь энэ.

Дөнгөж орж ирээд үйлчлэгчээс суудал асуун, зааж өгсөн суудалд нь суухаар зоогийн газрын том баганы цаанаас ирж яваа, ахимаг насны эрэгтэй, мөн түүнтэй хамт явах Турк болов уу гэмээр, өргөн магнайтай, өтгөн хөмсөгний дор инээвхийлэх давхраатай нүдтэй, сахалаа цэвэрхэн зассан эрэгтэйг харахад, насаараа удирдах ажил хийсэн эсвэл хариуцлагатай алба хашидаг болох нь илт, тэдний зүгээс харцаа салган цонхон талын ширээг харвал, нүдэнд дулаахан нэгэн бүсгүй инээмсгэлэн ганцаар сууж байлаа.

Бадрал олон сайхан бүсгүйчүүдтэй хамт сурч, ажиллаж зарим нэгтэй нь дотносож ч явсан, харин одоо сайхан ханийн халамжид жаргаж, хөөрхөн охиныхоо цангинсан инээдэнд юугаар ч дутахгүй баялаг амьдарч яваа, гэсэн ч өөрийн эрхгүй энгийн тэр бүсгүйг харц салгалгүй ширтэж суулаа, цайвар ягаан өнгийн ноолууран цамц өмсөж, үсээ шуусан дөлгөөхөн эмэгтэйн төрх, инээмсгэлэх бүрд нь уруулын цаанаас цайрах тэгш шүд, яг л бусдад байдаг бүхэн бүсгүйд байна, гэсэн ч түүний юу ингэтлээ Бадралыг татаад байгааг тэр мэдэхгүй, ямар ч байсан түүнийг харахад сэтгэл аяндаа тайвширан, нэг л их амирлангуй бүсгүйн зүгээс ирээд байх шиг сэтгэлд таатай.

Хөгжимийн ая хэдэнтээ солигдож, цаг хором хормоор явсан ч Бадрал зоогийн газраас гарах гэж яарсангүй, цонхны гэрэлд ягааран байгаа бүсгүйн царайг харан хэдэн цагаар ч саатан суухад бэлэн, энгийн хирнээ ихэмсэг бүсгүй нэг л гоёомсог, гартаа ямар нэгэн зүйлийг барин, түүнийгээ харах тусмаа бүр ч жаргалтайгаар инээмсгэлэхэд нүдэнд нь ялимгүй үрчлээ нэмэвч тэр үрчлээ түүнд бүр ч илүү зохиж байх шиг, бүх л үйлдэлийг нь хэдхэн ширээний цаанаас тасралтгүй харж суугааг анзаарсан бололтой бүсгүй алгуурхан харцаа дээшлүүлж Бадралыг харлаа, гэсэн ч сайх бүсгүй нөгөө л жаргалтай инээдээрээ инээмсэлсээр түүнийг нэг их тоосонгүй харцаа доошлуулж гартаа байх тэрхүү нандин зүйлээ хайрлан харсаар суулаа.

Анхны болзоондоо хайртай залуугаа хүлээн түүндээ ямар нэгэн бэлэг авсан болохыг таамаглаж, ямархан залуу энэ бүсгүйг ингэж соронзон адил татдаг байна гэсэн бодол зурвас бодогдож бас ч гэж бүсгүй бүрийн нүдэнд өртөж, ээрч хүссэн харцыг үл тоон бардамхан алахдаг Бадралын сониуч занг хөдөлгөн, зоогийн газрийн зөөлөн суудалд хүлсэн мэт суулгана, цагийн зүү ургаш тэмүүлэн довтолж, бүсгүй болзоот залуугаа хүлээн бүр ч илүүтэй догдолж байх шиг санагдахад яагаад ч юм хайртай ханиа анхны болзоондоо ингэж догдолж байсан болов уу гэсэн бодол бодогдож, найман жилийн өмнө түүнтэйгээ танилцаж байсанаа нэхэн санагалзав.

...Өндөр хөгжилтэй гадаадын нэгэн оронд '' Гадаад харилцаа ''-ний чиглэлээр төгсөж ирээд удаагүй, мэргэжилийнхээ дагуу '' Гадаад хэргийн яам'-'нд ороод шинэхэн ажилтан хэдий ч чамбай оюутан байж, тэрхүү өндөр хөгжилтэй орны томоохон компанид ажиллаж байсаны хүчинд ажилдаа нэг их түүртэлгүй бүгдийг цэгцэлээд байж байтал Их сургуулийн салбар болох Гадаад харилцааны сургууль дээр нээлттэй мэтгэлцээн болох тул залуу мэргэжилтэнүүдийг хүрэлцэн ирэхийг урьж урилга илээсэнээр тэрхүү арга хэмжээнд очих болж билээ.

Залуусын эрч хүч, эрмүүн хүсэл бүр мэдрэгдсэн сайхан мэтгэлцээнд сууж, ирээдүйн хөдөлмөрч залуус бэлтгэгдэж байгаад баярлан нэгэнт сургууль дээр ирсэнийх багштайгаа уулзаад явъя гэсээр шат өгсөн алхаж байтал өмнө нь нэгэн өндөр бүсгүй намбалагхан алхаж явахдаа үснийхээ боолтыг унагаж, гээсэн зүйлийг нь өгөхөөр бүсгүйн араас хэдэнтээ дуудсан ч тэр харалгүй хэсэг яваад сул шүлжсэн үс нь задрахад гайхсан харцаар эргэн харах тэр агшинд хорвоогийн сайхан бүхэн Бадралд хүрээд ирэх шиг болж даруухан тэр бүсгүйд анхны харцаар дурлаж билээ, эгэл төрхийн цаана дэндүү их гоо үзэсгэлэнг агуулсан Саруул хэмээх Монголжуу төрхтэй, байнга үсээ сулхан шүлжиж явдаг түүндээ олон жил бүхнээ зориулан байж ханиа болгон авч суусансан, сэтгүүлч мэргэжилтэй сэтгэлээсээ сайхан бүхнийг гаргадаг, хааяа бичсэн нийтлэл бүрээ Бадралд уншуулан, сайхан үг хэлэхэд нь урамшиж, зөөлөн шүүмжлэлд нь толгой дохин баяртайгаар хүлээж авдаг дэндүү ухаалаг бүсгүй бол миний хань...

Ийнхүү анхны учрал болоод ханийнхаа дулаахан төрхийг бодсоор бүсгүйн зүг харвал тэр яг л өмнөхөөрөө инээмсгэлэн суусаар, гартаа байгаа тэр л зүйлийг хайр дүүрэн харцаар ширтэнэ, чухам ямар бэлгийг аваад ингэж нандигнаж байгаа бол гэж бодохоос босож очоод харчихмаар санагдана, энэ л бүсгүйг хараад суувал хонон өнжиж суусан ч чадахаар мэт, хамгийн гол нь энгийн энэ бүсгүй юуг тэгж ихээр хайрлаад байгааг ойлгохгүй, цаг явсаар л удаан ингэж суувал түүнд очоод үдшийг хамт өнгөрүүлэе гэж хэлчихмээр ч юм шиг сэтгэл нь нэг л хөнгөн.

Бадрахыг ингэж суугааг даанч бүсгүй анзаарахгүй, анзаарсан ч түүнд өөрийг нь ширтэн суугаа залуу даанч сонирхолтой биш бололтой, эгэлхэн бүсгүй гартаа байгаа тэр л зүйлийг харах бүрдээ улам ихээр инээмсгэлэнэ, удалгүй хүлээсэн залуу нь ирж байх шиг бүсгүй хаалга ширтэн харцаараа хэн нэгнийг хайлаа, Бадрах ч бас анхны болзоондоо удаан хүлээлгэдэг бөх зүрхтэй залууг харах гэж яарна.

Тэр ирлээ бүсгүй бүр жаргалтайгаар инээмсгэлэнэ, догдлон байж хүлээсэн залуу нь долоо, найм орчим насны хөөрхөн хүүг дагуулсаар хүлээлгэсэндээ уучлал хүсэж байгаа бололтой бүсгүйг зөөлөн үнсэж, гарыг нь атгалаа Бадрал тэднийг хараад өөрийн бодож байсан анхны болзоо биш байсанд гайхах шиг гэвч эгэлхэн бүсгүйн тэнгэрлэг хайрыг бахархахгүй байж чадсангүй, яг л өөр шиг нь насны залуус бас охин шиг нь хүүхэдтэй хэдий ч бүсгүй яг л анхны болзоондоо догдлон суугаа мэт ханиа, үрээ хүлээн суусан байж.

Цагийг умартан хүлээн байсан зүйл нь түүнд ямар их ухаарал бэлэглэж байгааг тэр мэдэрлээ, сэтгэлд нь хань, хөөрхөн охин нь бодогдоход үйлчлэгчийг дуудан тооцоогоо хийгээд жаргалтай гэр бүлийн хажуугаар инээмсгэлэн өнгөрөхдөө, эгэлхэн бүсгүйд баярлалаа гээд хэлчихмээр байсан ч чангаар биш, зөөлөн шивнэж сэтгэлдээ хэлсээр зоогийн газраас гарч, цэцэгийн дэлгүүрээс сагс дүүрэн сарнай авсаар ханьдаа, үрдээ яарсаар хөдөллөө.

Хайраа миний гоёл бол, чиний минь зүүж өгсөн ядам хуруун дахь бөгж юм шүү гэж хэлээд энгэрт нь эрхлэн байсан ханийнх нь үг чихэнд нь сонсогдоно.

Эгэлхэн бүсгүйд инээмсгэлэл бэлэглэн, гоо үзэсгэлэнгийн гэрэл цацруулж байсан тэр зүйл ядам хуруунд нь байсан хуримын бөгж байсаныг сая л мэдэрлээ.



Үргэлжлэл...

Эмч андууддаа

Манай багийн гишүүн Цолмон маань хачин гоё шүлэг бичдэг бүсгүй байна. Тэрээр зарим нэг шүлгээсээ дэлгэж байна. Мөн түүний зөвхөн шүлгээр бүтсэн "Бүдэг лааны гэрэлд" гэдэг блогийн баннерийг буландаа байрлуулж байна.

Үйлс нь улирлын босгонд бүдэрдэггүй цэцэг шиг
Үргэлж дэлбээлж явдаг
Ухаан далай энэрэх сэтгэлтэй эмч нар
Ургах наран мэт ангийн андууд минь ээ

Итгэлээр цангах хорвоод
сэтгэлээрээ ханьсах андтай боллоо би
Энэрлээр ангах хорвоод
зүрхээрээ ойрхон байх нөхөдтэй боллоо би

Нарт ертөнцөд эмч гэж даруухан бас бардам хэлэх
Нандин хэрнээ хүнээс харамлаж үл болох мэргэжлээ хайрлаж
Сүүдэр мэт дагах үхлийн хар салхийг эрдмээрээ цайруулж
Сүүн замаар дандаа дардан амьдраарай
Давс мэт гашуун үг ч бас амттайг санаж
Даруу зан гаргаж бусдаас дандаа суралцаарай.

Эрдмийн эхлэл болсон оюутны лекцийн дэвтрүүдээ
Энэрлийн эхлэл болсон цагаахан өнгөтэй халатаа
Амьдарлын эхлэл болсон дурсгал дүүрэн хөгжөөнт мөчүүдээ
Аз жаргалын эхлэл болсон дурсамж дүүрэн зургаан жилээ
Сургуулийн мөнгөн танхимаа, багшийнхаа алтан сургаальд өлгийдөж
Сүүн дусал өргөж, сэтгэлийн гүндээ хадгалж яваарай.



Үргэлжлэл...

МАХН-д өгөх зөвлөлгөө

/Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөлгөө” постпанк
шүлгээс санаа авсан муулбар/

Чи өмнөх сонгуулиар гэрлэсэн хос бүрт 500 мянган төгрөг өгнө гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь 15-хан настай улаан цурам хүүхдүүд хурим хийж тоглоод эх захаа алдаж байна
Чи бас саяын сонгуулийн өмнө шоу хийж нефтийн үнэ буулгана гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь хүчээр барьж байсан үнэ нь огцом тэсэрч, тэнгэрт хадаад иргэд ихээр уйлж байна Чи бас иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө хэмээн орилж, ард түмнээ аягүй чанга хуурсан
Чиний энэ худлаа амлалтуудаас чинь болж, инфляци хэд дахин өслөө

Чи сонгуульд ялагдахаа мэдээд луйвар хий гэж чанга дуугаар тушаасан
Сонгуулийн дүнд бухимдсан иргэд бөөн бөөнөөрөө жагссан
Чи жагсагчдыг ямар ч хамаагүй аргаар зогсоо гэж чанга дуугаар үүрэгдсэн
Чиний тушаалыг биелүүлж, монгол монголыгоо буудан хороов

Чи олимпоос заавал алт авчир гэж чанга дуугаар зандарсан
Чиний үгийн сүүдэрт жиндэн байж тамирчид маань гурван алт авчирсан
Авчирсан алт болгон манай намын азтайнх гэж чи чанга дуугаар чичирсэн
Аварга болсон тамирчид хэдэн төмөр зүүгээд чимээгүйхэн хоцорсон

Чи буудсан хүмүүсийг нууж, бусдыг хэлмэгдүүл гэж чанга дуугаар тушаасан
Чиний сүрнээс айгаад төрийн цагдаа шоронгийн шал арчиж байна
Чи өөртөө долигноогүйн төлөө мөнгөтэй нэгнийг хорь гэж дүрэмдсэн
Чиний бөгсийг долоогоогүйдээ Буян Жагаа өнөөдөр буруутай ялтан боллоо

Болоогүй чи орон нутгийн сонгуульд дахин ялах ёстой гэж чанга дуугаар хашгичиж байна
МАХН гуай чамд хэлэх нэг зөвлөлгөө байна, Чи битгий давар...!!!



Үргэлжлэл...

Хонгилын сонгууль

(шог өгүүллэг)
Хөгшин залуу, эр эм арван хэдэн хүн нэг гэрт байх тул амь нэгтэй. Нэг гэр гэдэг нь Сүхийн талбайн ойролцоо байх дулаан дамжуулахын нэгэн хонгил л доо. Хүн ахтай дээл захтай байдаг ертөнцийн хууль хонгилд ч мөн адил үйлчилнэ.
Хонгилын дарга, хутга Батаа хир даг болсон навсархай хүрэмнийхээ энгэр лүү гараа шургуулан, -Муу өтнүүд минь, олсон мөнгөө бүгдий нь гарга хэмээн цаад хэдийгээ жижигрүүлдэг боловч бөөрлөж босгосон шилтэй юмаа хуваах дээрээ тулахаараа бүгдэд тэгш хандана. Хувь ноогдсон жаахан юмандаа халж, ертөнцийн эрээн барааныг мартан жаргахдаа тэдэн шиг эв найртай сүрэг хорвоод үгүй байлаа.
Нэг л үдэш дарга тэр чигтээ нойрсов. Хорвоогийн өглөө ирдгээрээ ирж хонгилын иргэдийн дотор бүрзийдгээрээ бүрзийн сэрцгээнэ. “Муу өтнүүд, бушуу бос. Босоод!” гэх даргын сөөнгө хоолой үгүйлэгдэнэ. Нус Догоо ширэлдэж даахирсан толгойгоо гэлжийлгэн санаа алдаад,
-Багшийн дээдийн хонгилын дарга, шөвөг Самбууг манай руу нүүж ирж бидний дарга бол гэж гуйя гэвэл тархи Гамбаа түүн рүү муухай харж үгийг нь таслав.
-Дотроосоо даргаа сонгоно! Сонгууль явуулъя гэж өчигдрөөс хойш бодлоо гэж тэр нухацтай хэлж байна. Тархи Гамбаа бол цагтаа зэрэг дэв хамгаалах шахаж явсан, хог ухахдаа шил савнаас урьдаар сонины тасархай цуглуулдаг хүн тул бусад нь түүнийг битүүхэндээ хүндэтгэнэ.
Сонгуулийн ажил өдөр ирэх тутам эрч хүчээ авлаа. Шаг Баагий:
-Хэрвээ би даргаар сонгогдвол, миний найз бидэнд юмаа таван төгрөгөөр хямд өгнө. Бид эдийн засгийн хямралаас гарна гэсэн бол, нударга Дорж:
-Намайг сонговол бид нийтээрээ нударган зодоон сурч бусад хонгилынхныг айлган татвар авдаг болно. Бид ядуурлаас гарна гэж байна. Тархи Гамбаа сонгогдвол хичээл зааж оюуны хоосролыг арилгана гэнэ. Ходоод Дууяа маш гоё хүнс байдаг хогийн цэг зааж өгнө гэв.
Сурталчилгаа цаг минут тутамд эрчимжнэ. Хамгийн сүүлд нус Догоо нэрээ дэвшүүлснээр арван хэдүүлээ хүүхэд хөгшидгүй цугаараа нэр дэвшигч боллоо.
-Үргэлж мөнх сонгууль болж байдаг болоосой гэж хонгилын сонгогчид мөрөөднө. Шаг Баагийгийн үнэгүй тараасан чангаас чанга найруулсан юмыг татаж, ходоод Дууяагийн өгсөн томоос том зүсэм бялуу долоож, сожоо Дагвын бэлэглэсэн зуут, тавьтын дэвсгэртийг хармаалж энэ хэдэн өдөр хонгилынхон ёстой л бялуурч байлаа. Сонгуулийг товлосон өдрийн өмнөх орой сурталчилгааг албан ёсоор хаах гэж байтал цагдаа нар ирж өнөө хэдийг гэрээс нь суга суга татан хөөж явуулах нь тэр. Удалгүй цэвэрхэн хувцастай баахан эрхэм хар тэрэг хөлөглөн ирж, хонгил байсан газар тууз хайчлан, шав тавьцгаав. Дулааны шугамыг өөрчилж, цамхаг босгох болсон нь энэ байлаа...
Хахир өвөл мартагдаж нялх ногоо соёолсон урьхан өдөр ирэв. Нэг хонгилд аж төрж байсан хоёр найз Сэлбийн эрэг дээр санаандгүй тааралдлаа. Нударга Дорж нулимсаа арчин,
-Манайхан ихэнх нь сураггүй болсон. Би энүүхэн энд өөр хонгилд байгаа, саяхан нус Догоогоо татаж авсан. Дээрэлхүүлээд хэцүү байгаа.., хөөрхий тархи Гамбаа согтоод, гудамжинд хөлдөөд бурхан болчихсон.., гэхэд нь, ходоод Дууяа бас эхэр татуулан,
-Дуулсаан, дуулсан гэж арайхийн хэлээд, нулимсанд халтартсан хацраа шударлаа.



Үргэлжлэл...

Би шагнал бодож явдаг хүн биш


Ж.МӨНХЗУЛ (2008-09-18)

Энэ ярилцлагын өмнөтгөлд юу бичихээ үнэхээр мэдэхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэнд уучлаарай. Энэ хүний номыг уншдаг, үзэл бодол, амьдралыг нь сонирхдог хүмүүс олон бий. Тэдний өмнөөс чадах ядахаараа л хэдэн асуулт тавилаа. Цааргалж, дургүйцээгүй Аюур ахад баярлалаа. -Таныг саяхан нэг тэмцээн билүү уулзалт, цуглаанд яваад ирсэн гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу. Нөгөө жил бүр очдог Айовагийн их сургууль руугаа яваад ирсэн үү, эсвэл...
-Аа, Македонд болдог Struga Poetry Evenings хэмээх яруу найргийн их наадамд явсан тухай “Өдрийн сонин”-д тэмдэглэл нийтлүүлснийг хэлж байх шиг байна. Олон улсын шүлгийн тэмцээн гэж байхгүй шүү дээ. Янз янзын хэлтэй яруу найрагчид уралдаад, нэг нь түрүүлж байвал ёстой онигоо болох байлгүй.

Харин яруу найргийн их наадмууд энд тэнд олонтаа зохиогддог. Зэрэглэл зиндааны хувьд мэдээж янз бүр. Стругад болдог тэр наадмаас жил бүр нэг яруу найрагч “Алтан титэм” гэдэг шагнал гарддаг. Одэн, Нэруда, Бродский, Хини, Мёрвин гээд аугаа хүмүүст тэр шагналаа өгч байсан болохоор энэ наадам нэлээд дээгүүр түвшнийхэд тооцогдоно. Айовад зохиолчдын ямар нэгэн цугларалт болдог гэж зарим хүн ойлгосон юм шиг байна. Тэндхийн их сургууль орон орны мэргэжлийн зохиолчдыг хамруулдаг хөтөлбөртэй юм л даа. Дэлхий дээрх хамгийн олон зохиолч амьдардаг хот гэгддэг Айова-Ситийн орчин нь өөрөө их сайхан. Харин намайг жил бүр тийшээ очдог гэж чи хэнээс дуулав аа? (инээв)

Ер нь намайг ийш тийшээ явсныг хүмүүс ихэвчлэн аян замын тэмдэглэлээс маань мэддэг. Аян замын тэмдэглэл гэдэг бол сэтгүүл зүйн онцгой сайхан төрөл төдийгүй, уран зохиолын нэгэн өвөрмөц бичвэр юм. Дашрамд хэлэхэд намайг ийм маягаар гадаадын хөтөлбөрүүдэд оролцоод байхаар манай зохиолчид Аюур л ганцаараа зохиолчдын хорооны мөнгөөр зугаалаад байна гэж боддог бололтой юм билээ. Үнэндээ бол цаад газруудынх нь зардал, нэр заасан урилгаар явж байгаа. Зохиолчдын Хорооныхон ч энэ тухай сониноос л мэддэг.

-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Таатай биш байх гэж бодлоо. Яагаад гэвэл та яг жилийн өмнө өөрийгөө орчин үеийн шинэ сэтгэлгээний түвшинд бичиж байгаа хүмүүсээс хамгийн мундаг нь гэсэн байсан. Одоо энэ бодол чинь хэвээрээ юу?
-Өөрөөсөө доогуур хэмжээний хүмүүст шүүмжлүүлэхдээ хэн ч дуртай байдаггүй. Харин өөрөөсөө илүү хүний үгийг анхаарч сонсох л хэрэгтэй. Зарим хүн зүгээр л чулуу шидэхийн тулд уран зохиолыг бамбай болгон ашигладаг. Зарим нь ойлгох хэмжээ дутсандаа буруу бичдэг. Цөөхөн ч гэсэн зарим хүн юу мэдэрч ойлгосноо бичсэн байдаг. Үүнийг ялгаж салгахад хэцүү биш. Ер нь шүүмжлэл гэдэг бол жинхэнэ түвшиндээ маш чухал урлаг юм. Уран зохиол огт мэдэхгүй хүн мэддэг царайлаад цэцэрхэхийг шүүмж гэхгүй шүү дээ. Ухаан муутай хүн урагшгүй юм хийхийг алийг тэр гэх вэ. Тиймээс тоодог ч үгүй. Харин өөрийгөө хамгийн мундаг нь гэж хэлснээ даанч нэг санахгүй байх чинь. Зөвхөн үнэнийг ярьж, үнэнийг бичиж байх л сайхан, тийм биз? Сурвалжлагч хүний хувьд ч гэсэн анхаарал татсан яриа авахын тулд заавал этгээд, өдсөн асуулт тавих шаардлагагүй шүү дээ.

-Би нэгэн гадаад хэлний мэргэжилтэн хүнээс “Төрөлх хэлээрээ ярьж, бичиж байхдаа дунд нь гадаад үг хэрэглэх маш бүдүүлэг явдал” гэж сонссон юм. Таны зохиолууд дунд орос, англи шүлгийн мөр, ишлэл хааяагүй. Яагаад эдгээрийг хэрэглэдэг юм бэ?
-Хэл бол хүний сэрэл мэдрэмжээ илэрхийлэх багаж хэрэгсэл шүү дээ. Тэр сэрэл мэдрэмж хэр зэрэг хурц, гүн байгаагаас хэлний гоо зүйн цоо шинэ ойлголтууд төлөвшиж, яваандаа энэ нь уран бүтээлчийн дотоод ертөнц рүү уншигчийг хөтлөх зам болдог. Миний аль нэг баатар харь хэлээр ярих хэрэгтэй үед би орчуулж, амтыг нь сулруулаад яах юм бэ? Надад тийм эрх ч байхгүй. Товчхон хэлэхэд, хүн чамирхаж харь үг хавчуулан ярих, зохиолын дотор гадаад үгээр илэрхийлсэн хэсэг байх хоёр бол тэс ондоо ойлголтууд л даа.

-Та хэр эмзэг хүн бэ? Миний бодлоор та уран зохиол, уншигч хоёрын харилцаа, хамаарал, ойлголцлын сөрөг тал дээр их эмзэглэдэг юм шиг санагдсан. Номныхоо ард тайлбар бичээд л. Эсвэл энэ нь хүмүүс зохиолыг чинь уншаад ойлгохгүй байх вий гэсэн айдас уу?
-Номын арын тайлбар бол эмзэглэлтэй ямар ч хамаагүй. (инээв) Энэ бол Монголд анх удаа тайлбартайгаа гарсан роман. Зохиогчийн далд санааг ил болгох, нэгэн талдаа шинэ оролдлого гэх юм уу. Уншигч эхлээд өөрийнхөөрөө уншина. Дуусмагцаа зохиогчийн санааг уншина. Энэ нь сонирхолтой төдийгүй эцэстээ нэгэн цогц болдгоороо бас л уран зохиолд нэмэртэй зүйл. Зохиолч хүний ердийн л эрэл хайгуул.

-Орчуулгын зохиолууд олширч байна. Та ч гэсэн эхнэртэйгээ хамт орчуулдаг. Хэд хэдэн хэлний хөрвүүлэг дамжсан бүтээл орчуулахад утга санаанд нь өөрчлөлт орох эсвэл орчуулга чанаргүйдэх аюул бий болов уу? Манай хэлэнд гэхэд л яаж ч орчуулаад утга нь яг таг гардаггүй үгнүүд байдаг гэж дуулсан.
-Утга зохиолын орчуулагч хүн хоёр чухал чанарыг зайлшгүй эзэмшсэн баймаар. Нэгдүгээрт, уран зохиолыг мэдэрдэг, хоёрдугаарт эх хэлээрээ сайн найруулж бичдэг байх ёстой. Монгол хэлээ сайн мэдэхгүй нөхөд орчуулга хийдэг болсонд заримдаа харамсдаг. Хэл дамжуулахын хувьд бол, манайхан нэгэн үе ганцхан орос хэлээр дамжиж л дэлхийн утга зохиолын зах сэжүүрт хүрсэн шүү дээ.

Жишээлбэл, “Зуун жилийн ганцаардал” романыг Аким гуай испаниас биш оросоос орчуулсан. Сайхан л орчуулга байгаа биз дээ? Нөгөө асуултын хувьд бол, монгол хэлэнд орчуулж болохгүй, утга нь буухгүй үг гэж огт байхгүй. Буухгүй л байгаа бол орчуулагч молхи болоод тэр. Орчуулгын зохиолууд олширч байна гэж чи сая хэллээ. Үүнд муу юм байхгүй шүү дээ. Аль болох л олон ном орчуулагдаж, хүн төрөлхтөний оюун санааны сор шимээс Монголчууд хүртэж л байвал сайхан хэрэг.

-Монгол хэл мөхөж байгаа хэлний тоонд ороод байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл. Таны бодлоор эх хэлээ аварч үлдэхийн тулд хэн, юу хийвэл зохистой вэ?
-Хэлийг амьд байлгадаг ганцхан зүйл байдаг юм. Амьд, жинхэнэ түвшний уран зохиол. Хэл шинжлэлээр ч биш, хуулиар ч биш, хүн амын тоогоор ч биш, эдийн засгийн өсөлтөөр ч биш, амьд, сайн бичигдсэн номуудаар хэлний дархлааг бэхжүүлдэг. Хэлээ амьд хадгалах бас нэг чухал зүйл нь монголчуудын хувьд бичиг үсэг байж мэднэ. Өнөөдрийн хандлагаар бол, хэдэн том дарга уншиж чадахгүй болчихоос айсаар байгаад бид үндэсний бичгээ хэзээ ч сэргээхгүй сөнөөх нь шиг байна. Монгол түмний оюуны асар том соёл одоо арьсан урлал чимэглэдэг хээ төдий л үлдэх гээд байх шиг.

Явж явж монгол үндэсний бичиг үсгийг хадгалсан цорын ганц улс нь Хятад болох нь ээ. Өвөрмонголыг би хэлж байна. 4-5-р ангийн хүүхдүүдэд монгол бичгийн хичээл зааснаар тэр бичгийг авч үлдэхгүй. Түүгээр ном зохиол бичиж, хэвлэж, төрийн хэмжээнд албан ёсоор хэрэглээгүй цагт ч... Ээ дээ... Энэ миний санаа биш, олон сэхээтэн үүнийг мэдэрч байгаа. Гэтэл зарим эрдэмтэд латин үсэгт оръё ч гэнэ үү, элий балай юм яриад эхэлчихсэн, мөд хэрэгжүүлэх сураг дуулдаад байна.

Өөрийнхөө бичгийг үгүй хийж хаячихаад, одоо буцааж сэргээе гэхийнхээ оронд өөр нэг гаднын бичиг ахиад нэвтрүүлнэ гэдэг хаанаас явуулж байгаа хорлон сөнөөх бодлого юм бэ? Эцсийн дүндээ үндэстэн гэдэг ойлголт хэл, соёл хоёр дээрээ л тогтдог. Нүүдлийн соёлоо бид одоо устгаад барж байна. Ганцхан Улаанбаатарт л гэхэд уурхайчдад хөөгдөөд бэлчээргүй болсон малчид нүүж шаваад, энэ хонхорт 1.2 сая хүн шахалдаж сууна. Одоо тэгээд бичиг үсгээ латинчлаад... энэ янзаараа гурван үе өнгөрөхөд ханз үсэгт шилжих байлгүй.

-Хэлснийг сонсох, бичснийг уншихаас илүү илэрхийллийг үзэх нь сэтгэл хөдлөм байдаг. Тиймээс дэлгэцийн урлаг, тэр дундаа кино асар хүчтэй хөгжиж байна. Хэзээ, хэнд өгсөн ярилцлага гэдгийг тань санахгүй байна л даа. “Зарим киноноос уран, гоё санаа хараад атаархдаг” гэсэн байсан. Хамгийн дуртай кино чинь ямар кино вэ? Яагаад?
-Кино бол шинэ цагийн утга зохиолын нэг гол жанр, хамгийн нийлмэл постмодерн амьсгал нэвчсэн урлаг шүү. Даанч ганцхан манайд л огт хөгжихгүй юм. Хамгийн дуртай кино гэхээр яг тулгамдаад санаанд орохгүй байна аа. За тэгээд өчнөөн дөө, өчнөөн. “Загалмайлсан эцэг”, Бэргманы “Шивнээн, чарлаан”, “Америкт нэг удаа”, “Парадизо кинотеатр”, “Форрэст Гамп”... Оросын Бортко гэдэг найруулагч Достоевский, Булгаков зэрэг сонгодгуудын романуудыг яг бичигдсэн янзаар нь кино болгоод явна лээ. Заримаас нь үзсэн. Үнэхээр гоё байсан.

-Социалист нийгмийн үед та бараг хүүхдээрээ байжээ. Гэвч таны зарим зохиолд тэрхүү нийгмийн системийг ихэд буруутгасан өнгө аяс бүхий утга санаанууд гардаг. Юу тэгж бичихэд хүргэдэг юм бэ?
-Тэр үед л манай уран зохиолд гай тариад байгаа өнөөдрийн бүх төөрөгдөл, завхралын үр үндэс тавигдсан юм шүү дээ. Жирийн гуталчин, төлөвлөгөө нормоо биелүүлээд явдаг тээврийн жолооч, мөрөөрөө мал дагасан малчдад социализм сайхан нийгэм байсан байж магадгүй. Өөрийн гэсэн бодолтой сэхээтэн, тэр тусмаа уран бүтээлч хүнд бол маш халгаатай нийгэм байсан. Хүний бодох, сэтгэх эрх чөлөө хаалттай газар хөгжил гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Энэ нь жирийн хүмүүсийн нүдэнд тийм ч тод харагдахгүй байж болох зүйл л дээ.

-Таны бодлоор эрх чөлөө гэж юу вэ? “Илбэ зэрэглээ” романы чинь нэгэн баатар “Хэрвээ хүн гэдэг ганц нийгмийн амьтан юм бол би хүн байхаас татгалзаж байна” гэж хэлдэг. Зохиолоо бичсэн цаг хугацааны тань дарааллаар бол тийм байж таарахгүй боловч хийсвэрээр харвал магадгүй “Уулын монолог’’-т гардаг чонын амьдралаар амьдрагч хүн дээрхийг хэлсэн хүн мөн ч юм шиг.
-Өө, чи их гоёор харж. Үнэн. Энхбат хүн байхаас татгалзах нь нийгмийн нэгэн эрэг шураг байхаас дээр гэж бодсон ч, энэ санаагаа хэрэгжүүлээгүй. Яая гэхэв, амьдрал тийм л байдаг. Зөв юм бодлоо ч, бидний ихэнхийн маань хувьд буруу амьдрах нь илүү амар байдаг. Харин тэр “Уулын монолог”-т гардаг нөхөр тэгж чадсан. Тэгж чадсан нь надад таалагддаг, гэхдээ түүний зөв үү буруу юу, би дүгнэлт хэлж чадахгүй.

-“Миний бичснийг сайн ойлгодог хүн байгаа гэдэгт эргэлзэж байна” гэж хэлсэн байсан. Зохиолыг тань уншдаг хүмүүсийн дийлэнх нь сэтгэлдээ олон дурсамж хадгалж явдаг, аливааг үнэн голоосоо үзэн ядаж эсвэл хайрладаг, нэг бол хэт хайнга хүмүүс байгаа байх гэж би төсөөлдөг юм. Таны хувьд тэд хэн бэ? Та тэднээс юу мэдэрдэг вэ?
-Надад цөөн боловч жинхэнэ уншигчид бий гэдгийг олж мэдснээсээ хойш би маш аз жаргалтай хүн болсон. Үүнийг мэдэхээсээ өмнө би өөрийгөө яруу найрагч, зохиолч гэж нэрлэхээсээ санаа зовдог байлаа. Тэд яг ямаршуухан нийтлэг шинж төлвийн хүмүүс байгаа бол гэж би хэзээ ч бодож үзээгүй. Магадгүй, чиний хэлсэн шиг тийм л залуус номыг маань авдаг ч байж болох юм. Миний хувьд, тэд бол миний хамтран зүтгэгчид. Миний бичсэн бүхний эцсийн тусгал уншигчдын дотоод ертөнцөд л бий болно. Тэдэнд төрж байгаа бодлууд л уран зохиолын эцсийн үр дүн юм. Түүнээс биш, ном хэвлүүлэх юу юм бэ? Юу ч биш, тийм онцгой ч ажил биш.

-Үүнийг асуух юм сан гэж маш их хүсч байлаа. Тэгээд яг асуух гэснээ бас айчихлаа. Гэхдээ л асуух хэрэгтэй байна. Та С.Анудар гэж залууг мэднэ. Энэ хүний талаар мэддэгээ хуваалцаач. Гаргасан анталогт тань “Бүх юм” өгүүллэг нь орсон байсан. “4 биш 4” гэдэг ном танд бий юу?
-Байлгүй яахав. Тэр номыг хэвлүүлсэн даруйдаа л Ч.Мөнхбаяр надад бэлэглэсэн юм. “Бүх юм” бол сайн өгүүллэг шүү дээ. Би Анударыг зүс таних төдий л мэддэг байсан. “Сайн уу? Юу байна?”-аас хэтрэхгүй. Тэр надад өөрийгөө притчүүд бичдэг гэж танилцуулж байсан. Тэр притч гээд байсан зүйлсээс нь би хоёрыг сонгоод, “Билгүүн судар” гэдэг сонин байсан даа, тэнд гаргасан. Нэг нь л лав “Мууг хүссэнээр жаргал олдохгүй” гэдэг нэртэй байсныг санаж байна. Миний бодоход, цаана нь нэлээд олон тийм зохиол байсан болов уу. Амиа хорлосонд нь биш, харин түүнтэй дотно нөхөд яваагүйдээ харамсдаг.

-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.

-Таныг төрийн шагналд нэр дэвшүүлсэн гэж дуулсан. Шагнал магнал аваад чангарах нь ээ, та бүр.
-Аль ноднин нэр дэвшээд ашгүй унасан. Би шагнал бодож явдаг хүн биш. Тэр тусмаа маш олон муу зохиолч авчихсаны улмаас авах юмсан гэж хүсмээргүй болчихсон шагнал шүү дээ, тэр чинь.

-Та бичсэнээрээ мөнгө олдог уу?
-Олдог. Би өөр юугаар мөнгө олох юм бэ? Миний эхнэрийн номууд бас сайн зарагддаг. “Ганцаардлын дасгал” гэдэг шүлгийн ном нь ганцхан жилийн дотор 3000 ширхэг борлогдсон. Шүлгийн номын хувьд энэ бол их тоо. Гэхдээ бид хоёр одоо хангалттай гээд ахиж хэвлүүлээгүй.

-“Дурлалгүй ертөнцийн блюз” ээс чинь жинхэнэ дурлал гэж хаа ч байдаггүй гэсэн санаа цухалзаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний олдвор л доо. Яагаад ч юм та эхнэртээ жинхэнээсээ дурласан уу гэж асуумаар санагдчихлаа.
-Над шиг хүмүүс хэн нэгэн хүнд үнэн голоосоо л дурлахгүй бол бас тэгээд, тэр хүнгүйгээр амьдарч болмоор байвал, хэзээ ч гэрлэдэггүй юм. Пөөх, бараг л афоризм шиг хэлчихлээ. Над шиг хүмүүс гэж одоо юу гэж байгаа юм бэ, тээ? Ашиг харж биш, сэтгэл зүрхээ дагаж гэрлэдэг хүмүүс гэвэл илүү дээр ч юм уу? За тэр ч яахав. Би зүгээр л, аз болоход, жинхэнээсээ дурлаж үзсэн шүү л гэж хэлэх гэсэн юм.

-Гурамсан романаа төгсгөчихлөө гэж бодтол үгүй юм шиг юм хэлсэн байна билээ. Ямар нэг сэжүүр үлдээчихвэл үргэлжлүүлээд байж болдог юм аа даа. Эсвэл тэр нь “Амь тавьж буй шувууны далавч” байсан уу?
-Биш ээ, “Амь тавьж буй шувууны далавч” бол залуу насныхаа өмнө тавьсан өрөө дарсан явдал байсан юм. Би тэр бүх явдлыг яаж ийгээд нэг цэгцэлж бичих ёстой байлаа. Гурамсан мөчлөг романуудаа би дуусгасан. Он гаргаад энэ гурван романыг нийлүүлж ботилдог ч юм бил үү гэж бодож байгаа. Гэхдээ сүүлчийн “Цуурайнаас төрөгсөд”-тэй бага сага холбоотой бас нэг роман энэ өвөл бичих санаатай.

-Зохиолч хүн өглөө бүхэн сэрэхдээ зохиол бичих урам зоригтой сэрдэггүй л байх. Хаа нэгтээ “Одоо ингээд бичихээ больё” гэж шантарсан үе бий юу?
-Үгүй, надад өөр сонголт байгаагүй. Уран зохиолоос ангид амьдрая гэвэл болох байх л даа. Гэхдээ л чадахгүй.

-Мэдрэмж, эр зориг, итгэл үнэмшил гэсэн зүйлс зохиолч хүнд овог нэрнээс ч илүү хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Танд хэрэгтэй бүхэн тань бүгд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн гэв гэнэт алга болчих үе байдаг уу? Юу ч мэдрэхээ байгаад, юу ч бичмээргүй санагдвал та юу хийдэг вэ?
-Ном уншдаг. Би юу ч бичихгүй явж чадна. Харин юу ч уншихгүй явж яагаад ч тэсэхгүй. Энэ хорвоо дээр гайхамшигтай зохиолч түм бум байна. Тэд юу бичсэнийг, юу бичиж байгааг хайхардаггүй зохиолч гэж байх ёсгүй л дээ. Заримдаа би нэг ч хүнгүй, зэлүүд уулын аманд, дулаахан байшин барьчихаад, задгай галын гэрэлд ном уншихаас өөр юу ч хийлгүй амьдрах хувь заяа тохиодог ч болоосой гэж боддог. Юу ч бичилгүй, ердөө л ном уншаад. Зарим хайртай зохиолчдоо дахин дахин эргэж хараад л.



Үргэлжлэл...

Хэн нэгний хийрхэл яриагаар утга зохиолын хөгжил тодорхойлогдохгүй

/Хэл бичгийн ухааны доктор \Ph D\ профессор/ Д.Цэвээндорж
Монголд зохиолчдын байгууллага үүсээд 80 жил болох гэж байна. Энэ хугацаанд хөөрхий “муу” зохиолчид сайн муу их л зүйлийг үзэж туулсан ч үе үеийн бичгийн мэргэд, өвөг дээдсээ харааж зүхсэн, баалж муулсан цөвүүн цагийг бидний үе үзсэн нь эрин цагийн томоос том эмгэнэл байсан юм Учир нь Данзанравжаа, Их Нацагдорж, Явуу, М.Цэдэндорж тэргүүтнийг үл тоомсорлон “хүүхдийн сэтгэлгээ” хэмээн онолдож нүүр өөд нь нулимсан “хүү” өнөөдөр өөрийгөө Монголын “шилдэг зохиолч” гэж батлахыг санаархан ичих ч үгүй бусдаар дэмжүүлж “төрийн шагнал”-д дэвшсэн нь гайхмаар хачирхмаар зүйл шүү (С.Энхбаяр. Оюун санааны амьдрал дахь синкретизмийн шинэ үе буюу ПАюурзаны метароманууд гэх мэт). Бидний хувьд нэг ёсондоо ахмад үеийнхний өмнөөс “ичиж үхэх” гэж байна гэсэн үг юм. Гэсэн атлаа энэ төөрөгдлөө булзааруулах гэж Өдрийн сонины 2008 оны 03.21-ний өдрийн №067 (2831) дугаарт “Би бол Нацагдорж, Явуухулан хоёрын дараа Монголдоо гуравдугаарт ордог яруу найрагч!” хэмээн гадаадын судлаачуд танилцуулж буй хэн нэгний нэрийг хэлэх нь төвөг үү дээ гэсэн үгс хэлхэн өөрийнхөө харыг нуух гэсэн башир аргаар зайлуулжээ. Энэ нь түүнээс өөр хэн ч үүнийг үл мэдэх учир түүний зохиосон “гүтгэлэг” гэж ойлгож бас болохоор. Мөн “Бид уран зохиол огт хэрэггүй зүйл гэх маягийн юм номлож мэдэмхийрцгээсээр байгаад сүүлдээ ямар нэгэн сайн дурын шүлэгчид өөрийгөө ингэж цоллож болдог хэмжээнд хүртлээ манай утга зохиол дампуурчээ” гэсэн “том дүгнэлт” нь өөрт нь хамаатай “цаг үе”-ийг сануулнам бус уу? Энд бид түүнийг шүүмжлэн баалахаасаа илүүтэй “төрөл арилжсан” шинж байдлыг сүүлд хэвлүүлсэн нийтлэлээс нь л тодорхой олж харж байна. Яруу найрагт мэдрэмжтэй хандах нь хамгийн чухал бөгөөд эс чадвал зохиогчоос зөвшөөрөл авч байж “бүтээлд” нь халдах хэрэгтэй болов уу гэж санадаг. Хүний юманд зөвшөөрөлгүй хүрч болохгүйг мэдмээрсэн. Харин Г.Аюурзана мэтийн хэт мэдэмхийрсэн чалчаа хөвгүүд бол дураараа аашилж хүний нэг насны уран бүтээлийг уландаа дэвсч карьераа эхэлснийг түүх мартах ёсгүй. Тэгснээ ичихгүй “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” гэсэн сүржин нэртэй ч даржин сонголттой ном үйлдвэрлэн (ямар шалгуураар сонголт хийсэн нь тодорхойгүй) бизнес хийж олны хэл амны бай болж байсан тэр хүн бол баахан хөдөлмөрч хүү юм гэдэг нь л бидэнд харагдсан. Өөр юу ч байхгүй л байна. Авьяасгүй хүн л бусдын бүтээлийг илт үгүйсгэж нүдээ хорсгон байдаг агаад гэнэт эргүү нь арилсан төлөг шиг “шилдэг” гэж эмхтгэн олон зууны уламжлалтай монгол яруу найргийг жишээ татаж ирээд л гэнэт хуурай магтсан хоосон үгээр судалгааны гэхэд судалгааны бус, шүүмжлэлт гэхэд мөн тийм бус нийтлэлийн шинжтэй сүржин өгүүлэл гээчээ өөрийн томоос том зургийн хамт төвийн сонинд хэвлүүлэн “уг язгуураа гээх” болсоор багагүй хугацааг үдлээ. Энэ нь “сонгомол” гэх эмхтгэлээ сурталчилсан болох нь нийтлэл бүрийн ард тодотгосон өгүүлбэрээс тодорхой харагддаг. Ингээд бодоход энэ хүү чинь хаанаас гэнэтхэн гараад ирэв ээ? Юу уншсан болоод, юу мэддэг болоод “Ирээдүйн утга зохиолын өвөг дээдэс нь бид юм шүү. Өнгөрсөн цагт Монголын утга зохиол гэж байгаагүй” хэмээн “цээжээ дэлдэн бархирч” байж вэ? гэж эрхгүй гайхахад хүргэдэг юм. Ийм хандлага өмнө нь ч бас байсан. Монгол судлал дэлхий нийтээр үүсэн төлөвшөөгүй байхад өрнөдийн ийм “хэтэрхий мэргэн жараахай”-нууд Монголд үндэсний утга зохиол гэж байгаагүй, Энэтхэг, Төвд, Хятадын уран зохиолын орчуулга, зээлдмэл шинжтэй байсан” хэмээн өнгөц дүгнэж байгаад “Монголын нууц товчоон”, бусад сурвалж бичиг олдсоны хойно эрх биш дуугаа хураасан юм. Бид ингэж л дэлхийд өөрсдийгөө таниулж ирсэн. Энэ нь эрх чөлөөт нийгэмд орлоо хэмээн хэн дуртай нь амныхаа зоргоор бурж, бие биеэ, өвег дээдсээ, өнгөрсөн түүхийг илт үгүйсгэн гутааж дэлхийд сурталчлах болсноос тодорхой болно. Бүр Чингис хаанаа хүртэл завхай зайдан, балмад бүдүүлэг хэмээн бичихэд хүргээд (Чингис хааны нууц түүх” роман гэх мэт) байна. Харин Г.Аюурзаны “сонгомол” гэх гурван дэвтэрт яримаар, шүүмжлэлттэй хандмаар зүйлс бас цөөнгүй юм аа. Яруу найраг, туужийн төрөл зүйлийг эрт үеэс түүхчлэн авч үзсэн атлаа өгүүллэгийн зохиолуудад 1920-иод оноос нааш “сонголт хийсэн” нь Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хэмээх энэ хоёр “гэр бүлийн сэхээтнүүд”-ийн мэдлэг боловсрол, уншсан савны түвшин, сонголт гээчийг тодорхой харуулнам бус уу? МНТ л гэхэд гуч гаруй бичил өгүүллэгээс бүрэлдэн тогтсон болохыг эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба баталж “МНТ Монголын уран зохиолын дурсгалт бичиг болох нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байдаг тул яруу найргийн сонгомолдоо МНТ-ны 20 орчим шүлгээс “сонголт” хийсний адип түүхчлэн оруулж болмоор мэт. Дунд үед л гэхэд “үг” хэлбэрийн зохиол, В.Инжиннашийн гүн ухааны сэтгэлгээ, нийгэм ахуйн шүүмжлэлт аяс бүхий өгүүллэгүүд гээд өгүүллэгийн зохиолын түүхэн хөгжлийг тусган авч үзэх боломжтой билээ л. Тиймээс эл “антологи” гэгчид бүтээлээ оруулахыг зөвшөөрөөгүй, татгалзсан нэр бүхий зохиолчид ч бий юм. (Д.Батбаяр “Цахилж яваа гөрөөс” тууж гэх мэт) өөр нэг ажиглалт бол Г.Аюурзана 247 дахь хуудсанд өөрийн зохиолоо эхлүүлж тааруулдаг нь тохиолдол бус бөгөөд эхнэртээ, эсхүл хэн нэгэнд зориулах гэж хуудсанд (үнэндээ Монголын уран зохиолд гэж хэлж болно) сонголт хийсэн нь тодорхой харагддаг тул энэ бол хайр сэтгэлийн илэрхийлэл болсон “бүтээл юм” гэж үзэхэд хүргэдэг. Үнэндээ түүнд өгүүллэг гэж байдаггүй бөгөөд романаас хэсэгчилж авсан, үйл явдал голлосон сонин хээнцэр зохиомжийг чухалчилсан шинжтэй нь ажиглагддаг. Яруу найргийн зохиолоосоо арай дөмөг хэдий ч цэцэрхсэн, үгээр тоглохыг хичээсэн ерөнхий санаа, хүн төрөлхтөн, байгалийн зүй тогтлын тухай домгийн өгүүлэмжээс чимээ авч хээнцэрлэдэг онцлог түүний үргэлжилсэн үгийн зохиолд бий. Гэтэл энэ эвлүүлгүүд нь Ардын уран зохиолч нэгний бүтээлээс ч илүү “сонгогдож” тус антологиуд нь “утга зохиолыг нийтийн хэрэглээнээс дээгүүр төвшинд мэдэрч ойлгохыг хүсэгчдэд зориулагдсан” болохоо тунхагласан нь тэдний хувьд “төрөл арилжилт”-ын эхний шат хэмээн “алга ташиж” болно. Тэгээд “Эцэст дурьдахад мөнхүү номыг бэлтгэх явцад залгамж залуу үеийн уран бүтээлчдийн хувьд үндэснийхээ яруу найргийн тухай урьдынхаас илүү өөдрөг, илүү өргөн сэтгэгдэлтэй үлдсэнээ олзуурхан тэмдэглэж байна” хэмээн онцолсон нь “овоо доо” гэхээс өөр санаа төрүүлдэггүй. Учир нь Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Чемодантай юм”, “Чөтгөр”, “Бух Гомбо”, “Солийг сольсон нь” гэх зэргийн уянгын өгүүллэгүүдийг бүрэн эхээр нь биш юм аа гэхэд нэр дурьдахгүйгээр монгол өгүүллэгийн зохиолын хөгжлийг тоймлоно гэдэг мөн бөх зүрхтэй хэрэг шүү. Нэг бол Ц.Дамдинсүрэн өвгөний гурван ч шүлгийг “Яруу найргийн сонгомол”-доо оруулсан юм чинь гээд хасч орхисон бололтой. Тэгсэн атлаа төрөл зүйл бүрт өөрийнхөө бүтээлийг тооцоод, бүрэн эхээр нь хоёр ч өгүүллэг, таван ч шүлгээ оруулсан нь Г.Аюурзаны “цуврал” бол уншигчдын сэтгэхүйгээр тоглож Монголын уран зохиолын “шилдэг”-т өөрийгөө багтаах гэсэн эрмэлзлэл болох цаад санааг нь тодотгож өгөх биз. Үүнийгээ нуух гэж үеийн хэдэн залуусынхаа бүтээлийг хавсарган далдалж, бас болоогүй ээ өөрийгөө дунд үеийг залгуулан тэднийхээ дээгүүр гарч харайсан байгаа юм. “Хуйвалдаан, эрх ашгийн төлөөх тэмцэл, үзэл бодлын баримтлал гэдэг өнөө цагт зөвхөн өөрт ашигтай нөхцөлд хувьсч байдаг” гэсэн зарчимд тулгуурлан эх орны язгуур эрх, намын бүлэглэл гээч огт хамаагүй болсон гэж ярих болсонтой утга зохиолын хөгжил, түүний үнэлэмж хамааралтай болсны тод жишээ энэ болж байна. Агуу их Ц.Дамдинсүрэнгийн дээрх өгүүллэгүүдийг хэдэн үеэрээ гололгүй уншиж хүмүүжээд ирсэн бөгөөд ард түмэнд нэгэнт үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүд болохоос эрхэм таны өгүүллэг гэгч “Цаг хугацааны тэмдэг нэр”, “Мууран хүмүүсийн сүүдэр” зэргийн гадны нөлөөнд автсан үлбэгэр эвлүүлгийг ард олноор хэрхэн ойлгох, хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй бөгөөд ерөөс мэдэх ч үгүй, мэдэхийг ч хүсэхгүй байж болно. Учир нь хуучин нийгэм цаг үеийг буруутган шүүмжилж түүний нөлөөнд арга барил нь нарийсч дотоод хөгжлөөрөө дэвшиж ирсэн утга зохиолын сэтгэл зүйн орчинг үл ойшоож судлаачийн байр сууринааас “том дүгнэлт” хийхийг зорьсон тайлбарлал бүхий өмнөтгөл тань уншигчдыг төөрөгдүүлэх “гай” тарьжээ. Үнэндээ Болд хэмээх малчин, Болор хэмээх оёдолчинд энэ Аюурзана гэдэг нь л хамгийн мундаг зохиолч нь юм байна. Өнөө Дамдинсүрэн гэдэг чинь дориун гэхээр нэг ч өгүүллэг бичээгүй л юм байна гэж ойлгож суугаа. Учир иймд мэргэжлийн хүний дуу хоолой оройтсон уу гэхээс эртдээгүй, бас илүүдэхгүй байх аа гэж бодож явдгаа өчье. Энд бид нэгэнт л тэдний сонголт гэж тооцож элдэв зохиолчдын нэр, бүтээл нэхэхийг урьтал болгосонгүй бөгөөд харин өмнөх үеэ заримдаа мартчихсан, зориуд мартах гээд байгаа энэ үед мэндэлсний нь 100 жилийн ойгоор нэгэн зохиолчийн нэрийг л энд дурьдлаа. Г.Аюурзана та “XXI зууны яруу найргийг бий болгоно” гэж олон нийтийн хэрэгслээр ихэд сүржин зарлан тунхаглаж байснаа бодвол “даруухан” болжээ. Аргагүй юм болов уу даа. Өөрөө бүтээж чадахгүр болоод бусдын бүтээлээр “юм болгож” яваа болоод тэр биз. Хүн өөрөөсөө ичиж сурах хэрэгтэй. Хүнийг хайрладаггүй, бусдыг хүндэлдэггүй хүнд уран сайхан ертөнцөд толгой хоргодох зай байхгүй ээ.



Үргэлжлэл...

Ном уншицгаая

Тvрvv жил Токио явахдаа Номун далай-с хэдэн ном авсан юм. Унших зав болохгvй явсаар одоо л нэг юм эхнээс нь уншиж эхэлж байна. Дашрамд бид нар шиг эх нутгаасаа хол байгаа хvмvvст эх орных нь сvvлийн vед хэвлэгдэж буй ном зохиолуудтай танилцуулж байгаа Номун далай-н хамт олонд талархаж байна аа. Єєр олон сайхан ном танилцуулаарай. Сvvлийн vед манайхан бас л номыг уншдаг болсон бололтой. Блогоор хэсээд явж байхад л тийм сайхан ном, ийм гоё ном уншаад гэх залуучууд их болжээ. Энэ бол vнэхээр бахархууштай. Монголын залуус маань улам ихийг уншиж мэдээсэй, бидний гарт ирээдvй маань байна. (сvрхий vг биччихлээ.ККК)


Яг одоо уншиж буй номоо хальт танилцуулахад

Зохиолч: Ц.В.Николь

Орчуулагч: Бэсvд Пvрэвсvрэнгийн Наранбаяр (миний сонсож байснаар бол япон хэлэндээ гавал. уулзаж танилцах юмсан гэж бодож явдаг. Нээрээ таньж мэддэг хvн байвал танилцуулж єгєхийг хvсч байна.)

Номын агуулга: Одоохондоо уншиж дуусаагvй тул ингэж тєгсдєг гэж хэлж мэдэхгvй. Ямар ч байсан зохиомол тvvх. 13 зуунд Японыг довтолсон Монголын цэрэг "Камиказэ" хэмээх далайн хар шуурганд сvйрэлгvй японы аралд эсэн мэнд газардсан хэмээн єєрчилж бичсэн юм байна. Би одоохондоо тэр хэсэгт нь очоогvй байгаа.
Япон хэл дээр нь нэг уншиж vзэхийг бодноо. Гавал орчуулагчаас суралцая байз.



Үргэлжлэл...

Xудам монгол бичгийн соёл бидний дархлаа

Би ажилдаа 40 минут метрогоор явдаг. Ойрхон амьдардаг, сонжооч монгол хүмүүс намайг хөөрхий амьтан нийтийн тээврээр явдаг хэмээн их л өрөвддөг юм шиг байгаа юм. Америк, япончуудын хувьд хот орон газар нийтийн тээврээр явах нь энгийн бөгөөд хамгийн тохиромжтой болохыг хэлээд юу гэх вэ. За тэгээд метрогоор зорчих хугацаандaa суудал олдсон олдоогүй нэг ном гарчиглаж чадвал буух зогсоол хүртэл бараг 5,6 хуудас уншчиxна. Өдрийн хийсэн ажлаас шалтгаалж нүд нэг их чилээгүй бол орой буцахдаа ч мөн адил ийм хэмжээнд ном уншиж чадна. Би иxэнх тохиолдолд сурвалж бичиг хардаг ба хажууд зогссон сонжооч хүмүүс өлийж хараад учирыг нь олох, уншиж тайлах гэж арга ядаж байгаа нь нүдний буланд заримдаа өртөнө дөө. Хүн гэдэг сониуч амьтан юм аа. Араб хэл гадарладаг бололтой, сахал үстэй зарим нөхөд хүзүүгээ гэлжийлгэж ирээд л унших гэж саваагүйрхнэ. Харц тулгарангуутаа сандран "салам алекам" гээд мэдэлнэ. "Алекам салам" гэчихээд ажигч үгүй номоо уншихад, жаахан байзнаснаа үсэглэж дийлээгүй бололтой энэ хаанахын ямар гээч бичиг бэ, яагаад босоогоор нь уншиж болж байна аа гэж асууж, өддөг юм. “Монгол бичиг” гэж нэг амьсгалаар хамар сэнгэнүүлэн бахархалтай гэгч нь хэлнэ дээ. Бусдааc өөр нэгэн үндэстэн гэдгээ илэрхийлэх алтан хором бол тэр юм. Яг тэр агшинг үгээр дүрслэхэд Олимпын тэнгэрт тугаа мандуулж байгаа тамирчин л гэсэн үг. Cониуч хүн таараад ямар бичиг болохыг мэдээд их л хүндэтгэлтай харьцана. Энэ бол намайг хүндэтгэж байгаа юм биш, Монгол бичгийн соёлыг маань биширч байгаа хэрэг. Зуун зууныг туулаад бидний үeд тулж ирээд мартагдахын даваан дээр ирcэн монгол бичиг ийм л увдастaй юм. Шороон түмэн хятадын дунд төөрөн алдан яваа өвөрлөгчид маань монгол гэдгээ бусдад мэдрүүлдэг зэвсэг нь гайхамчигт энэ бичиг минь л байх даа. Заримдаа Монголд хэвлэгдсэн шинэ ном уншаад метрогоор явна. Саяхан зохиолч, орчуулагч, түүхч Я. Ганбаатар эрдэмтний шинэхэн хэвлэсэн "Хүннүгийн түүх, соёл" хэмээх сайхан бүтээлийг шимтэн уншиж суутал хэдийд хажууд ирсэн юм бэ бүү мэд хойд ахын хоёр баагий ийн хөөрөлдөж байв. “Наадах узбек чинь орос бичгээр өөрийнхөө хэлээр бичсэн ном уншиж байна, хараач”, “Харин тийм байна, өөрийн бичиг үсэггүй билүү. Арай ч узбeк биш байх, казак, кригиз биз, тэд ч бас өөрсдийн бичиггүй ш дээ.”, “Жаахан аяар, наадах чинь лав орос хэл ойлгоно” гэx мэт ярилцаж байв. Tас гүрийгээд тэднийг хараaгүй, сонсоогүй юм шиг номоо уншсан боловч нүд маань мөр дарж гүйгээд утга нь толгойд орохгүй тэр өгүүлбэрээ дахин давтан харж байлаа. “Асуух юм бол чукча гэж хэлнэ дээ” гэж гэдэн хөдлөв. “Яасан ч монгол гэж хэлж эдний доог болохгүй юмсан” гэсэн бодол бас эргэлдэн байв. Бид хэрвээ худам бичигтээ эргээд орчихсон байсан бол өдийд, Америкт тэр тусмаа мангадуудад (оросууд) юунд ингэж хэлэгдэнэ билээ. Айдаа, үндэсний бичиг үндэстний бахархал яах аргагүй мөн юм байна. Бид монгол гэдгээ даяарчлалын эрэнд баталж, монгол дархлаагаа давхар хадгалахад өвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн худам монгол бичиг хамгаас чухал нандин эрдэнэ болно буй за.

2008 оны 9 сарын 23
http://shbaatar.blogspot.com/ Блогоос авав



Үргэлжлэл...

Цэцэгс

Харанхуй гэж байгаагүй бол гэрэл гэдгийг төсөөлөхгүй, гуниг гэж байгаагүй бол баяр гэдгийг ухаарахгүй, зовлон гэж байгаагүй бол зол жаргалыг бүрэн амтлахгүй. Үүнтэй нэгэн адил эмэгтэй хүн байхгүй бол эрэгтэй хүн байхгүй, эрэгтэй хүн байхгүй бол эмэгтэй хүн байхгүй буюу эрэгтэй эмэгтэй нь салгахын аргагүй нэгэн цулын хоёр тал билээ. Гэтэл “эр хүн сайн бүгд жигдэрсэн бурхны бүтээл, эм хүн бурхан багш бодлогширч суухдаа санаандгүй бий болгосон алмайрал алдааны үр дүн” мэт үзэх нь элбэг. Түүхийн сурвалж бичигт “хацар гоо охидыг хаман авав,” “талийгчийг оршуулахад татвар эмсйиг хойлголдог”, “эмийг хүсэх нь эрийн ёс, эрийг шүтэх нь эмийн ёс” ч гэх шиг эд агуурс, элгэнд наалдсан дэлүү мэт эмэгтэйн тухай хааяа нэг хальт дурдах төдий.

Эр эмийн ёсийг нэг удаа гүйцэтгэхэд ялгарах гурван зуун далаад сая эр бэлгийн эсээс өндгөн эм эсэнд дөнгөж тал нь эндэлгүй мэнд ойртон очдог. Тэднээс зөвхөн “эрэлхэг ганц” нь амьд үлдэх хувьтай бөгөөд тогтсон үр ямар хүйстэй байхыг тооцоход бэрх тохиолдол гэнэ. Хүмүүний удмын учиг эр эм хоёул хүчин зүтгэсний дүнд тасардаггүй аж. Төрж мэндлэхээсээ өмнө үй олноороо эрсддэг болоод хөөрхий эрчүүд энэ ертөнцөд хүн болон тэр тусмаа эр болж мэндэлвээс тэнгэрийн умдагийг атгасан мэт сагадаг болой. Үүнийг ойлгоод эмэгтэйчүүд тэдний омголон дээрэнгүй занг нь огоорон ойчиход нь олбог болж, босоход нь таяаг болж эх нь болон энхрийлж, эхнэр нь болон тойлж, янаг нь болон ялдамсаж иржээ.

Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэж, үхэх сэхэхийн зааг дээр амиа зогоож байхдаа өөр хоорондоо шөргөөцөлдөх завгүй балар эрт цагт хүмүүн гэгч эхээ мэдэхээс эцгээ оноож чаддаггүй байв. Тэр цагт амьдрах аргыг заагч нь эм сүвт байж эхийн эрхт ёс ноёлж байв. Бүтээсэн зэвсэг нь улам боловсронгүй болж байгалийг эрхшээх тутам, хүмүүсийн дунд зөрчил хүчирхийлэл буй болж эхийн эрхт ёсны анхны ардчилал, эрх тэгш ёсон таягдан хаягдсан гэх. Эцгийн эрхт ёс ноёрхох болж эмэгтэй зөвхөн нөхөн үржихүйн зэмсэг төдий үзэгдэн элдвээр дарлагдсаар эдүгээ хорьдугаар зуунд л хүн зэрэглэлд дэвшсэн хөөрхий нэгэн амьтан.

Нийгмийн амьдралын олон салбарыг хүн төрлөхтөн хөгжүүлвэй. Оюун хүч, ур авьяас шаардсан шинэ салбар нээгдэх бүрийд эмэгтэйчүүд оролцох нь хориотой байлаа. Ганцхан салбарт ярихад, зөвхөн эрэгтэй хүн бүжигчин, жүжигчин байх эрхэм хувьтай байжээ. Мянга гаран жилийн тэртээ Энэтхэгээс уламжлан Төвдөд үүссэн цам хэмээх шашны багт бүжигт зөвхөн эрэгтэйчүүд бүжиглэдэг хатуу дэг жаягтай байв. Таван зуун жилийн тэртээ алдарт Шекспир амьдарч, мөнхийн бүтээлээ туурвиж байсан Англи оронд эмэгтэй хүний дүрийг эрчүүд гаргадаг, жүжигт зөвхөн эрэгтэй хүн тоглодог цааз хуультай байж, энэхүү хуулийг зөрчсөн театр шууд хаагддаг байсан тухай түүх өгүүлдэг. Эртний уламжлалаа хүндэтгэн одоо ч эмэгтэй хүний дүрд эрэгтэйчүүд тоглодог японы Но, Кабуки театрын тоглолтыг гадаадынхан байтугай орчин цагийн япончуудад хүртэл ойлгоход хэцүү гэх. Тайз дэлгэцийн урлаг өнөөдөр олон мянган эмэгтэйчүүдийн алдар цолд хүргэдэг салбар болсон тул эмэгтэй хүн жүжигчин, бүжигчин байж болдоггүй ёс дэлхийн нийтийн чанартай байсан гэдэгт одоогийн хүүхдүүд бараг итгэхгүй биз.

Эмэгтэй хүний эрх чөлөөг дэлхийд хаа сайгүй хязгаарлан гутааж байсан юм. Дундад зууны Европт рыцарууд аян дайнд мордохдоо “ариун бүс” гэгч тамтай хар төмрөөр “хайрт” хүүхнээ цоожлоод явдаг байжээ. Ийм бүсгүй түлхүүрийн эзнийг хүлээж өөр эртэй хавьтахгүй “үнэнч” байх агаад, тусгай домбонд ихэд бэрхшээлтэйгээр өтгөн шингэнээ суллан зовж байжээ. Одоо тэр бузар бүс музейн үзмэр болон хөглийж, орчин цагийн хүүхдүүдэд түүнийг ямар учраас яаж хэрэглэдэг, хэрхэн ариун цэвэр сахьдаг байсан талаар ойлгуулах гэж музейн ажилтнууд аргаа барна. Хятадуудад “шувуун хөл”-тэй бүсгүй гоо сайхны дээдэд тооцогддог байсан гэнэ. Тав зургаа орчим насны охидын хөлний эхний үеийг дотогш хуга нугалан давстай нойтон бөсөөр хэд хоног орилуулан чарлуулан боож хөлийнх өсөлтийг зогсоодог байжээ. Биеэндээ тэнцээгүй жижигхэн хөл гоо үзэмж нэмэх нь юу л бол. Харин “шувуун хөл” дээр хол явж чадахгүй, дургүй эр нөхрөөс дутааж чадахгүй, эрх чөлөөний далавч ургахгүй нь лавтай. Дээр үед манайд байсан нутгийн хятад наймаачдын “шувуун хөл”-тэй эхнэрүүд монголын ширүүн салхинд хийсчихгүйн тулд, хашаа түшээд өчүүхэн хөлөн дээрээ дэнжигнэн зогсож байдаг сан гэж эмээ маань ярьдаг байлаа.

Анхны бөө нар нь голдуу эмэгтэй удганууд байсан төв Азийн нүүдэлчдийн дунд эхийн эрхт ёс нэлээд хожуу халагдсан гэх үндэслэлтэй. Арван долдугаар зуунд хорьсон дээдсийг таалал төгсөхөд татвар эмсийг хамт хойлголдог бөөгийн зэрлэг ёсийг эс тооцвол эмэгтэйчүүдийг Монголд онцгой гутааж байсан баримт ховор. Эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт мал аж ахуй эрхэлж, гар урлал болон чимэглэх урлалыг мөр зэрэгцэн бүтээж иржээ.

Монголчууд хүн дуурайдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой байхдаа хүчирхэг байв. Өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахад гаднаас суралцах төдийгүй өөрийн унаган дүр төрхөө олох хэрэгтэй санагдана. Түүх соёлын өв уламжлал дөнгөж сэргээгдэх шатандаа, шинэлэг онол, итгэл үнэмшил хараахан төлөвшөөгүй эдүүгээд хүмүүсийн сэтгэл зүйд хоосон зай гаран нийгэм бүхэлдээ ёс суртахуунаар доройтон хөхний томоороо уралдаад, хөнжлийн халуунаар сонин гаргаад, үйлс нь өөдрөг нэгнийгээ үндэсгүй гүтгээд, айх ичих юмгүй ой гутмаар болж байна. Хүмүүн биднийг цэцэгс, нийгмийг газар гэвэл, манайд хөрсний эвдрэл явагдан хог ургамал, махчин ургамал ихсэх төлөв илрээд байна. Ийм хөрсөнд эм хүний хийх хийхгүйг хийх этгээд хачин бүсгүйчүүд төрнө.

Уулын жалга, хонхор газар болон зам дагуу ургах урт иштэй, товч мэт ганц цэцэгтэй ургамал “зангуу” гэдэг нэртэй. Үр нь ямааны толгой шиг хэлбэртэй тэрүүхэндээ бяцхан “эвэртэй”-өргөстэй тул юманд наалдан холоос хол аялан хаана ч хамаагүй хүрч, эрээ цээргүй ургах тул иймхүү зангуу гэжээ. Дашрамд дурдахад бөөр давсагны эмгэгд энэ ургамал тустай гэх.

Нөхөр тойлж, хүүхэд өсгөх завгүй өдөр шөнөгүй “биеийн таашаал” заран амьдрах эмс хажуугаар өнгөрөх эр бүрийг өдөж, зангуу мэт зууралдан, бараан захын борлогддоггүй бараа зарах мэт ..ээс буулаа ...тэдэд авчих гэж часхийнэ. Ийм өвөрмөц үнэр амтанд дурлах зарим эрчүүд “хүний арилжаанд” оролцон, хэтэвчээ нимгэлэн мансуурна. Зарим янхан бүр “экспорт импортын бараа солилцоонд” оролцоод зөвхөн ногооноор гульгана. Хормойн дон, мөнгөний шуналаас ийм замд орсон эмэгтэй янхануудын өчүүхэн хувийг эзэлдэг гэх. Ихэнх нь бүтэлгүй дурлал, зоддог зэрлэг архичин нөхөр, өөрөө хүүхдээ тэжээхээс аргагүй зэрэг хүнд хэцүү амьдралаас болж, өөрөөр хэлбэл тэдэнтэй учирсан эрчүүдийн арчаагүй өөдгүй зан тэднийг буруу замд түлхдэг гэсэн судалгаа байдаг. Тэгээд ч эрчүүд янханд очдоггүй сон бол эрэлт борлуулалтгүй энэ салбарт хүчээ сорих тийм бүсгүй байхгүй байсан биз ээ.

Улаан халзан ил задгай бөгстэй, нүүрэндээ үстэй сармагчинд ичгүүр гэж байхгүй. Хүний үр ичдэг чадвараараа адгууснаас ялгарч тэр чинээгээрээ хөгжиж дэвшиж ирсэн. Зарим эмс урд төрөлдөө халуун орны сармагчин байж, монгол эмэгтэй болон төрөл арилжсанаа үе үе мартах бөгөөд цайны газар аяга тагш юм уухаар орсон хүмүүсийг амар тайван байлгахгүй дотоожоо тайлж шидэн шалдрах хуучтай. Хүн зоныг айлгаж ичээчихээд “өвлийн лянхуа цэцэг”, “тайчих урлагийн хатан хаан” ч гэх шиг алдар цол хүртэнэ. Цөөрмийн булингартай усанд ургадаг лянхуаг шашны урлагт хүмүүний зовлонг нимгэлэхийн төлөө бясалгал хийж гэгээрсэн бодьсадва, бурхадын суудалд билгэдэж ирснээс бус бусармаг үйлстэй эмсэд зээлдүүлж байсангүй. Монголчууд өөрийгөө зарах байтугай өрөм ааруулаа үнэлэхээс ичдэг, нэрэлхүү ичимхий сайхан улс билээ л. Монголчууд юм мэдэхгүйгээсээ ичдэг, эвгүй зан гаргасан хүний өмнөөс хүртэл ичдэг ард сан.

Намгархаг газар ургадаг, гоёмсог хөхөмдөг ягаан цэцэгтэй, том далбагар шар навчаараа эргэн тойронд нисэх шавьж, эрвээхэйг эргүүлэх мэт найган гунхах “тосондой” бол махчин ургамал. Навчин дээр нь усны дусал мэт бөнжигнөх хүчиллэг шүүс нь цангаагаа гаргах гэсэн гэнэхэн шавьжийг инээмсэглэн мишээн даллана. Түүнд шимтэн буусан хөөрхий шавьж “цай” бус “цавуу” болохыг мэдээд сугарч алдуурах гэж тийчлэх тутам улам бүр наалдан, ургамал навчаа хумин битүүрнэ. Хэд хоногийн дараа “тосондой” нар даган навчаа аажмаар тэнийлгэхэд, шавьжнаас хальс л үлдсэн байх ба дараагийн олзоо хайсан ургамал юу ч болоогүй мэт гоо үзэсгэлэнгээ гайхуулан ганхана.

Элдэв зусар үгээр зулгуйдан аавын хүүг уургалан авгай алдрыг хүртэнгүүт төрөл арилждаг, сэтгэл гээч эрдэнэгүй төрсөн ховст эмс байх нь өнөөх махчин ургамал “тосондойг” эрхгүй санагдуулна. Тосондой нар дээр үед цэргийн жанжин, ноёд, худалдаачдад нүд унадаг байж. Сонжих, сонгох эрхгүйн учир нэг их гаарч чадаагүй гэнэ. Социализмын ялзарсан хөрсөнд тосондойнууд олноор үржин, монголын хүн амын багагүй хувийг бүрдүүлдэг “дарга” давхаргын эрс тэдэнд олзлогддог байв. Тосондой-авгай “хотын намын хороо байхад чи муу хаачив" гэж шилбүүрдэн сэтгэл нь хөрчихсөн нөхрөө хүчээр тогтоон “тамын жаргалд” умбана. Ардчилал зах зээлийн өнөө үед толгойтой бүр “тосондой” болох дөхөөд, ашигтай албан тушаалтан болон шинэ баячууд маань тэдний тоосонд дарагдаад “сүүлт од” мэт хөөрхий. Хүн гэж сонин амьтан шүү. Эрт цагт эмэгтэй хүн хайр сэтгэлээрээ ханиа сонгож чадахгүй, хүчээр богтлогдон айлын бэр болон хадмын өөдөөс эгц харах эрхгүй байхад, хоосон ч болов хайрт хүнтэйгээ амьдрахсан гэж мөрөөддөг байжээ. Одоо хайр сэтгэлтэй хүнтэйгээ суугаад хоосон гараанаас амьдралаа эхлэх зүрхгүй, өөрөө өөрийгөө мөнгөнөөс богтлон бэлэнчилдаг болж дээ.

“Эм хүний үс урт, ухаан богино” гэдэг үгэнд зарим бүсгүйчүүд ихэд эгдүүцдэг бололтой. Эр хүн шиг пинтүү халимаг тавин ухаалаг гэдгээ илэрхийлэх бөгөөд , “суут” нэг нь бүр мулзан болтол үсээ хусч нэвт гэгээрснээ харуулна. Үс, хувцасны хэв загвараар ухаан үнэлдэг шинэ онол шүн гарсан юм даг аа.

Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан,
Хөөрөө болов уу яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан,
Жаргаа болов уу яагаа бол


гэж ардын дуунд дуулдагчлан, нөхөр нь өөр эмэгтэйд сайн болоод өөрийг нь орхиж байхад, алтан үрээ хайрласан хөөрхий минь гэж араас нь цацал өргөн, сэтгэл нь хоргодон санаа зовсоор үлдэх сүүн цагаан сэтгэлтэй бодь нэгэн бас байнаа.

Хөвсгөл, Хангай, Алтайн өндөр ууланд ургадаг байгаад, одоо зөвхөн Отгонтэнгэр ууланд ургадаг “Вансэмбэрүү” гэж гайхалтай эмийн ховор ургамал бий. Шим бүрдэж, ургац гүйцсэн “Вансэмбэрүүг” монголчууд дээр нь майхан барьж ихэд сүслэн нандин ёс төртэй түүдэг уламжлалтай. Домог өгүүлрүүн: “Үхлийн шарх олсон баатар ухаан балартан удтал хэвтээд, нэг ухаан орохдоо хажууд байх өндөр бүдүүн иштэй улаан шаргал шүүслэг цэцгийг авч шимжээ. Унтаж байгаад дахин сэртэл цус тогтон, өвчин намдаж, бие нь хөнгөрсөн байв." Авьяас чадвар, оюун ухаанаараа цоройлон гарсан эмэгтэйчүүдийг вансэмбэрүүтэй зүйрлэмээрээ.

Цэцэг болгоны орчинтойгоо зохицон тэжээл авах арга, өнгө тунамал чанар, анхилуун тансаг үнэр, анагаах чадвар гээд хүмүүнд өгөх таашаал, ашиг тус өөр өөр. Сүү шиг сэтгэлтэй, сүрхий зальжин, хашир нь дэндсэн, хайнга гэнэн, аальгүй сээтгэнүүр, айхтар намбатай гээд ааш араншингаараа баахан ялгаатай бүсгүйчүүд маань амьдрах ухаан, эрчүүдийн эвийг олох арга мэх нь бас өөр өөр.

Мэргэжил мэдлэг, ажилсаг сайхан чанараараа гайхагдан эрдэмтэн, эмч, багш, бизнес эрхлэгч,оёдолчин, хатгамалчин, зураач, тогооч, ногоочин, тариачин, саалчин, тэмээчин, төрийн түшээ гээд олон бүсгүйчүүд айл гэрийн ачаанаас үүрэлцэн сайн эх, сайхан хань байж эгэл сайхан амьдарсаар насыг элээдэг. Өндөр газар ургадаг тул нам газрын зонд ховор нандин цэцэг гэж эрхэмлэгддэг, монголын өндөрлөгийн хаа сайгүй ургах “цагаан түрүү” буюу edelweiss хэмээх жижигхэн цайвар саарал цэцэгтэй ч юмуу, эсвэл ишийг нь зүсэхэд сүүл өөх мэт цавцайж, сүүн цагаан шүүс бурзайж байдаг говийн бужгар улаан “гоёо”-той монголын эгэл олон сайхан бүсгүйчүүдээ зүйрлэж болмоор.

Түүхэндээ дайнч зэрлэг гэгдэж байсан монголчууд харин хүүхнүүддээ “төмөр дотоож” өмсүүлсэнгүй, гоё болгох гэж хүзүүгий нь сунгааж, хөлий нь агшааж зовоосонгүй, нүүрий нь бүтээж цэвэр агаараа харамласангүй. Хүүхнүүдээ цэцэг шиг цэвэрхэн гэж дуу хуурандаа магтдаг билээ. Аз буян дэлгэрч ариун ёсон цэцэглэхийн билэг тэмдэг цэцгийг “өлзийт найман тахилдаа” багтаадаг заншилтай. Манайхан сүргийн бүтцээ сайжруулна, хадгална гэж их ярьдаг. Тэгвал “цэцгийн бүтэц”-дээ анхаармаар болжээ. Монгол бүсгүйчүүл бүрэг ичимхийгээсээ болоод хохирч байсан цаг бий. Гэтэл одоо эртний уламжлалт цэвэр ичимтгий зангаа сэргээмээр болсон шиг.


http://ganga-cz.blogspot.com/ Блогоос авав




Үргэлжлэл...

Ганцаардлаас зугатаая


Ганцаараа үлдсэн навч мөчрөөсөө зүүгдээд уйлж байна.
Гадаа намар ирчихсэн.
Газар ойрхон харагдаж байна.

Ганцхан олдох амьдралын намар хаяанд ирчихсэн байна.
Гараас минь атга.
Ганцаардлаас зугатаая




Үргэлжлэл...

Их гүрэн задрав


1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.
Гэвч цаашид энэ их улс хэвээр оршин тогтнох бололцоогүй болж, түүнийг бүрэлдүүлж байсан Хант улсууд дотоод агуулга хийгээд үзэгдэх хэлбэрийн хувьд ч харилцан адилгүй цоо шинэ бие цогц болон салан тусгаарлаж эхэлсэн байна. “....Газар бүр байгуулсан монголчуудын төр хөгжиж өсөөд бойжилт хөгжлийн ийм шатант хүрчээ. Энэ нь зүйрлэвээс дан эсүүд хөгжиж өсөөд хэд хэдэн шинэ цогц бие болон тусгаар амьдралыг эрхэмлэн ийш тийш өөрийн эрхгүй тэмүүлэхийн адил...” хэмээн энэ үйл явдлын тухай Л.Гумилев урнаар тодорхойлон өгүүлжээ. Үнэхээр ч эдгээр хант улсууд нь гуч дөчин жилийн өмнөхтэй адилаар хүчээр нэгэн тугын дор нэгтгэхэд нэн бэрхтэйгээр чанарын цоо шинэ агуулгаар баяжжээ. Учир нь монголчуудын нэгтгэсэн улс түмнүүд даан ч олон янз байв. Эртний соёлтой Перс, Армян, Гүрж нар, Уйгурууд хийгээд ой ширэнгийн зэрлэгүүд, хэзээ ч биесээ үзэж чаддаггүй байсан Хятад, лалынхан хийгээд европын загалмайтнууд, Күнз хийгээд бурхны суртлыг дагагсад, үндэс нэгтнүүддээ гадуурхагдсан шийт, несторионууд. Гал ус мэт харш олон үндэстэн, сурталтнууд гагцхүү “Монголын энх төрийн бодлого”, “Төрийн алтан аргамж”-ийн ачаар нэгэн захиргаан дор эв найртайгаар бүтэн жарны туршид оршив. Гэвч тэдний өвөрмөц чанар нь уулаасаа харилцан эсэргүүцэлдэх учир хялбархан ижилссэнгүй. Ийнхүү мориноос бууж энэ их улсыг түвшитгэн бүтээн байгуулах цаг ирэхэд л тус бүрдээ өөр өөрийн өвөрмөц байдлаа харуулж эхэлжээ.
Өгөөдэй хааны үед хан хөвүүдийн эзэмшил улсууд нь төвдөө захирагдсан өөртөө засах хязгаар мужийн байдалтай оршиж байснаа аажмаар эдгээр улсуудын хэлхээ холбоо суларч бие даасан хандлага нэмэгдсэн нь хаадын завсар чөлөөгөөр гарч ирсэн хатадын төр барих үед эрс тодорхой болжээ. Мөнх хааны үед энэ задралын явц хэсэг зуур саатан, нэгэн захиргаанд бүгдийг хураан хумисан боловч түүнийг нас барсны дараахи Хубилайн жилүүдэд Алтан орны улс, Ил хаант улс, их Юан улс хэмээн өөр хоорондоо нягт харилцаа холбоотой ч тус тусдаа бие даасан хаант улсууд болон бүрэн тусгаарлан салсан төдийгүй монгол угсаатны хүч нөөцийг шавхсан цуст иргэний дайн, тэмцэл он удаанаар үргэлжилжээ.
Хөгжил гэдэг чанар. Чанарын агуулга нь гүнзгийрсээр хувьсал эргэлтэд хүргэдэг. Цөөн хэдэн жилийн дотор шашин шүтлэг хийгээд ахуйн нөхцөл, уугуул ард түмний уламжлалаараа яагаад ч Алтан ордны хийгээд Ил хаант улс, эсхүл дундад Ази дахь хант улсууд өөр хоорондоо харилцан адилгүй болсон байв. Хятад дахь Их Юан улс тэднээсээ бүр ч эрс тэс ялгамжтай болж иржээ. “Иймэрхүү хувирлын явцад Монголын хаант улсад энд тэндгүй хүйс төв газрууд гарч ирсэн байна”.

1258 онд Мөнх хаан нас барж, түүний ор суурийг Хубилай, Аригбөх хоёр дүү нь булаалдан, дөрвөн жилийн турш сунжирсан иргэний дайн монголын тал нутгыг хээрийн түймэр мэт хуйхлав. Энэ дайн нь Монголын Эзэнд гүрний бүрэлдхүүнд байсан хант улсуудыг үндсэн хоёр бүлэглэлд хуваан, талцууллаа.

1265 онд Хөлөг хаан нас барж тэр онд хүү Абага нь Ил хаант улсын хоёрдугаар хаан болов. Абагаг хаан ширээнд залах үед тэрээр “Хубилай хаан, бидний ах, түүний зөвшөөрөлгүйгээр яаж хаан ширээнд сууж болох вэ?” хэмээн цааргалж байжээ. Энэ үед Абагагийн эцэг Хөлөгийн хууль ёсны их хаан хэмээн хүлээн зөвшөөрч, дэмжиж байсан Аригбөх гэрийн хорионд амьд сэрүүн байв. Хант улсын тэргүүнийг Их хааны соёрхолоор баталж байсан уламжлал энэ удаад юутай ч гэсэн мартагдаагүй байжээ. Абага Ил хаант улсын хаанаар өргөмжлөгдсөний найр хурим хийснийхээ дараа энэ тухай мэдээ сэлтийг Хятад руу илгээгээд хариу ирэхийг хүлээн нэлээн удсан байна. Гэтэл таван жилийн дараа 1270 оны сүүлчээр Хятадаас Хубилайгаас Абагаг хаанд өргөмжилсөн зарлиг, титэм болон түүнийг дагалдан бэлэг сэлт, элчин төлөөлөгчид ирэв. Үүний дараа Абага хаан ширээнд суух ёслолоо албан ёсоор дахин тэмдэглэсэн ажээ.

Гэвч энэ нь зөвхөн Хятад орныг эзэмшиж байсан Хубилайг Их гүрний хаан хэмээн үзэж түүний адислал зөвшөөрөлгүйгээр хаан ширээнд суух боломжгүй байжээ гэсэн үг биш юм. Абагагийн хувьд тийнхүү хоёрдахь удаагаа найр хурим хийсэн нь нэр сүрийг өргөхөд л хэрэгтэй байснаас биш Хубилай зөвшөөрөөгүй ч тэр хаан хэвээр байсан. Хубилай таван жилийн турш хэл чимээгүй байсан нь дургүй байсны илрэл юм. Хөлөг хааны хоёрдугаар хүү Жүмхүүр нь хэдхэн жилийн өмнө өөрийн удирдсан анги цэргийн хамт Аригбөхийг дэмжин тулалдаж, өөрийг нь бараг хөнтөрчих шахсаныг Хубилай юунд мартав гэж... Тухайн цаг үед морин өртөө өндөр хөгжсөн, өнөөгийн машин тэрэгнээс огтхон ч дутахааргүй хурдтай байсан нь Багдад орчмоос Бээжин ороход хэдэн жилээр явах биш хэдхэн долоо хоног л гарздах байжээ. Хубилайн цааргалсан таван жилд Перс болон Дундад Ази дахь Абага хааны нэр нөлөө, байр суурь үлэмж өсөж, хэн ч түүнийг албан ёсны хаан хэмээн хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрсэн байсан юм. Энэ нь Хубилайн хувьд аргагүй тулгалт, нааш харан инээж, цааш харан уйлсан хэрэг байлаа.

1266 онд буюу Аригбөхийг нас бардаг жил Цагаадайн улсын хаан ширээнд Алгуйн дараа хаан суугаад байсан Мубарекшахыг унаган үймээнч, тогтворгүй ааштай Борог Хубилайн шууд дэмжлэгтэйгээр гарч ирэв. Мөн энэ онд Зүчийн Алтан ордны улсын хаан ширээнд Мөнхтөмөр залрав. Энэ үед гуч орчим настай байсан Хайду Дундад Ази дахь Өгөөдэй өвгийн хуучин эзэмшил нутагт нэр нөлөөгөө улам бататгаж байв.

Их гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан хант улсууд аажим аажмаар хүчирхэгжин, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд бүрэн бие даасан байдал руу шилжиж, өөрийн хязгаар улсын сүр хүчнээ үнэлэх хэмжүүр өөрчлөгдөж байсан үед ойр ойрхон гарч ирсэн эдгээр залуу хаадын хооронд монгол ахан дүүсийн цусыг урсгасан их дайн дэгдэж, урьдын байлдан дагуулалтын үед ч гарч байгаагүй их цэргийг биесийн өөдөөс хөдөлгөн хядалцаж эхэлсэн билээ.
Бүр 1260 онд Тулуйн хүү Хөлөг, Зүчийн ач Бэрх нарын хооронд Кавказын хаалга Дербентийн орчимд их тулалдаан болов. Энэ нь Ил хаант улс болон Алтан ордны улсын хоорондхи 200 жил үргэлжилсэн эвдрэл хямралын үүдийг нэг мөсөн нээж хаясан юм. Түүний дараа Дундад Азийн тал нутагт Цагаадайн угсааны хаан Борог, Өгөөдэйн угсааны хаан Хайду нар хоорондоо цус асгаруулан дайтаж, улмаар энэ дайнд Хөлөгийн хийгээд Зүчийн үр сад ч татагдан оролцож гурвалжин, дөрвөлжин дайн дажин болон өрнөсөн юм.

1266 оноос Өгөөдэйн удмын Хайду хаан 40 орчим жилийн туршид Хубилайтай эрс хатуу тэмцэл хийсэн юм. Хайду нь богино хугацаанд хүчирхэгжиж Ил, Тарвагатайгээр төвлөсөн хүчирхэг улсыг байгуулсан юм. Монгол улсын эрх ашгийг эрхэмлэсэн олон монгол ноёд Хубилайн эсрэг тэмцэлд Хайдутай очиж нийлжээ. Тухайлбал Аригбөхийн хүү Юбугур, Меликтөмөр, Борогийн хүү Дува болон Цагаадай, Гүюг, Мөнхийн удмын бусад хан хөвүүд Хайдуг дэмжин Хубилайтай хийсэн иргэний дайнд оролцсон байна. Мөн монголын цэргийн нэрт жанжин Наян ч дэмжиж билээ.

Омог төгөлдөр Хайду болон бусад олон ноёд Хубилайг хууль бус хаан хэмээн үзэж түүний зарлиг шийдвэрийг огтхон ч хүндэтгэж үзэхгүй байсан нь Хубилайн зүгээс энэхүү иргэний дайныг зогсоох, ах дүүсийн маргаан мэтгэлцээнийг эв зүйгээр зохицуулах талаар аливаа санаачилга гаргах, гаргасан ч хэрэгжих бололцоог үгүйсгэж байжээ.

Хэдийгээр Хайдугийн тэмцэл нь нэг талаас харахад хаан ширээг Тулуйн удмынхнаас Өгөөдэйн удмынханд эгүүлэн авах гэсэн тэмцэл байсан ч нөгөө талаар монгол улсын хүйс төвийг хэвээр хадгалах гэсэн Аригбөхийн тэмцлийн залгамж байсан юм.
Ийнхүү Чингис хааныг төрж байхад бий болоод байсан
“Одтой тэнгэр орчиж
Олон улс хямралдаж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байв” хэмээн “Монголын нууц товчоо”-нд яруу ончтойгоор дүрслэн өгүүлсэн байдалтай нэн адил нөхцөл байдал 1260-аад онд Монголын эзэнт гүрэн даяар байжээ.

Ийнхүү Ази, Европыг нэгтгэсэн Монголын их гүрэн нэгэн бүтэн жаран оршин тогтноод дотоодын ужид самуунд идэгдсээр задран уналаа. Гэвч “могой тасравч гүрвэлийн чинээ”. Их гүрэн задарсан ч өөр хоорондоо эн тэнцүүхэн, өөр ямар ч улс оронтой харьцуулашгүй хүчирхэг хэд хэдэн улс гүрэнд хуваагдсан юм. Үүнд:
- Их Юан улс. Энэ цаг үеийг хүртэл тархай бутархай байсан хятадыг анх удаа нэгтгэсэн төдийгүй Төвд, Тангуд, Манжуур, Солонгосын хойг, Вьетнамын хойг, Филиппин, Малайзи, Ява, Суматри зэрэг Зүүн өмнөд Азийг бүхэлд нь нэгтгэсэн энэ хүчирхэг гүрэн 1380 оныг хүртэл 130 орчим жил оршин тогтнож, Азийн улс түмнүүдийн түүхнээ арилж балрашгүй ул мөрөө үлдээсэн юм.
- Алтан ордны улс. Хар далай, Каспийн тэнгисийн хоорондхи нутаг, Ижил мөрний сав, Арал тэнгисээс умардад, Уралын нуруунаас баруун зүгт буй өнөөгийн Казакстаны уудам тал нутгийг төдийгүй цэнхэр Дунайгаас янагших Дорнод Европыг бүхэлд нь эрхшээн байсан эл хүчирхэг гүрэн 200 орчим жил оршин тогтнож, Орос хийгээд Европ дахинд сүр хүчээ үзүүлсээр байлаа. Энэ улсаас салбарласан Крым, Казанийн хаант улс XYIII зууныг хүртэл оршин тогтнож, Орос болон дорнод Европыг Туркийн түрэмгийллээс халхалж байв.
- Ил хаадын улс. Кавказын өмнөд дэх улс орнууд Килики, Мосул болон Хоёр мөрний хөндий, Туран, Хорасаны уудам нутаг, өнөөгийн Туркийн өмнөд хэсэг, Ирак, Иран, Афганистан, Туркмений нутгийн хамарсан уудам газар нутагтэй хүчирхэг эл улс 150 орчим жил оршин тогтножээ.
- Цагаадайн улс. Дорнод Туркестан, Казакстаны зүүн өмнөд тал, Хорезм, Балхийг бүхэлд нь хамарсан эл хант улс 1346 он хүртэл оршин тогтноод задрахдаа Төмөрийн болон Их Могул хэмээх Дундад Ази болон Энэтхэгийн түүхнээ тод ялгарах хоёр улс болон хуваагджээ.

Дэлхий ертөнцөд урьд хойчид оршин байсан их гүрнүүдийн мөхлийн түүхтэй Монголын эзэнт гүрнийх адилгүй. Ромын их гүрний мөхөл нь ёс суртхууны ялзрал, өөрөөр хэлбэл эд эсүүдийн үхжилээс болсон байхад Түрэг мэт бусад их улсууд гаднын халдлагыг тэсвэрлэж чадаагүй юм. Их Юан гүрнийг хятадын ард түмний тусгаар тогтнолд тэмүүлсэн эсэргүүцэл тэмцэл л хөнтөрч орхисон билээ.

Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрний задрал нь Мамлюкуудын ч юм уу, Загалмайтнуудын зэрэг гадны ямар нэгэн түрэмгийлэлд өртөж, түүний дарамтыг дааж ядсандаа сүйрэн унасан хэрэг биш, өөрийн харьяанд орсон Ази, Европын олон арван улс үндэстнүүдийн эсэргүүцэл тэмцэлд сөгдөн нугарсан хэрэг ч биш, харин хуримтлагдсан их ааг хүчний илүүдэл болсон өөр хоорондын тэмцэл зөрчил, хүчирхэгжсэн хан хөвүүд, түүний удмынханы бие даан тусгаарлах эрмэлзэл, эдгээрийн үндэс болсон өөр өөрсдийн тусгаар ангид өвөрмөц онцлог чанартай холбоотой юм. Мэдээлэл, харилцаа холбоо хөгжөөгүй дундад зууны эхэнд бүү хэл өнөөдрийн шинжлэх ухаан техникийн их хувьслын эринд ч ийм их гүрэн оршин тогтноход нэн бэрх юм. Ийнхүү их гүрний газар бүр харилцан ялгамжтай хөгжлийн хүйс төв газрууд гарч ирсэнтэй холбоотой энэхүү задрал нь зайлшгүй зүйл байсан хийгээд зөвхөн цаг хугацааны асуудал л үлдээд байжээ.




Үргэлжлэл...

Хөөрхөн

Ангийн хөвгүүдийн хөхрөлдөн шоолох дуун агаарт тархсаар тэд намайг ганцааранг маань орхиод, урд хойноо орцгоож бөөнөөрөө булан тойрон явцгаалаа. Яадаг юм хөөрхөн мэдэв үү хөөрхөн гэж тэгэхэд би анх удаагаа чанга гэгч нь өөртөө хэлж билээ. Урд нь ингэж шоолуулан ганцаараа үлдэж байгаагүй надад тун эвгүй ичмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг ганцаардал гэгч нөмрөн ирсэн боловч би өөрийн бодлоосоо сөөм ч гэлээ ухарсангүй. Ангийнхан дундаа ганц урдаа барьдаг хөлбөмбөгийн бартарын хувьд зарим нэгнээ нийлж байгаад бяцхан шоглочихдог, бас ч гүй өөрийн нөхдийн хүрээлэлтэй нэгэн байсан би гэдэг хүн яагаад ингээд шоовдорлогдон үлдсэний учрыг тайлбарлая.

Өглөө сүүлийн цагийн хичээл цонхлоод бөөн баяр, манай ангийн хэсэг нөхдүүд цүнх саваараа бие биеэ цохин сургуулийн хаалгаар чихэлдэн гараад хаврын урь орсон дулаахан өдөр сургуулийн өнцөгт байдаг сандал дээр овооролдоод шинэ ирсэн түүхийн багшийн тухай ам булаалдан ярьж эхэллээ. Манай сургуульд залуухан эмэгтэй багш ховор байдаг болохоор шинээр ирсэн тэрхүү багшийн тухай дэлгэсэн элдэвийн яриа маань нэг л мэдэхэд ангийнхаа хэдэн охидын тухай болон хувирч орхив. Бидний цуглаан үе үе охидынхоо тухай яриа болон хувирдаг байсан хэдий ч өнөөдрийн өдөр шиг нэг нэгнээсээ ичиж зоволгүй нэр зааж тэр тэр хөөрхөн гэж авч хэлэлцэж байгаагүй сан. Миний бодлоор манай ангид хамгаас хөөрхөн ганц л охин байдаг билээ. Би түүнийг л дотроо хамгийн хөөрхөн гэж бодож явдаг боловч хэн нэгэнд ил гаргаж хэлж байсангүй, тийм учрал ч тохиож байсангүй.

Нэгэн удаа намар хичээл ороод удаагүй байхад манай ангийнхан ангийн багшийг ятган байж хагас сайн өдөр эртлэн цугларч, Богд уулын энгэр өөд бидний нэрлэсэнээр зугаалга хийсэн билээ. Өглөө эртлэн босоод үүргэвчээ аван ээжийн бэлдэж өгсөн зүйлийг чихэн барин хийж, цайгаа ч бүрэн уулгүй яаран сандран сургууль дээр иртэл ангийхан маань ихэнх нь ирчихсэн багшийг тойрон шуугилдаж байна. Яг тэр өдөр л би хэдэн жил нэг ангид суралцаж байсан мөртлөө олж хараагүй байсан ангийнхаа охины хичнээн хөөрхөн нэгэн болохыг анх удаа хараад, урд нь яагаад нүдэнд минь тусаагүйг, бас би яагаад түүнийг олж ажиглаж байгаагүйгээ гайхширсан хэдий ч зүрх минь өөрийн эрхгүй булгилан цохилоход, ёстой хөөрхөн гэж өөрийн эрхгүй дотроо шивнэсэн юм даа. Намайг харж байгааг огтхон ч анзаараагүй тэр охин намар цагийн сэрүүнийг ажралгүйгээр, ишэн дээрээ эгц ургасан хэвээр байгаа үнгэгдэж гундаагүй хээрийн сарнай цэцгийн бүдэг ягаан дэлбээнд турьхан хуруугаа зөөлхөн хүргэн энхрийлэхдээ, нарны хамгийн сайхан цацрагийг өөртөө шингээж эргүүлэн цацруулж байгаа мэт гайхам сайхан инээмсэглэж байж билээ.

Бусдаас зайдуухан суугаад хээрийн цэцгийг энхрийлэн илбэж буй түүний нүд нь очтон гийж, зөвхөн энэ л цэцгийг олж харсандаа баярлан инээмсэглэх тэрхүү охины жаргалтай мишээлт нь миний зүрхэнд хүрч, сэтгэлийг минь үнэхээр хүчтэй догдлуулж чадлаа. Юутай хөөрхөн юм бэ. Яг л би ингэж сэтгэлдээ шивнэсэн. Тэр охинд гоёмсог хөмсөг, давхраатай эргэлдсэн алаг нүд, өөгүй цагаан царай гээд л бусдын хэлдэг хөөрхөнд тооцогдох элдэв гоёл байсангүй хэдий ч. Надад тэр хамаагүй ээ. Чиний хиргүй нандин сэтгэлийнхээ гүнээс инээмсэглэх жаргалтай мишээл тодруулсан энгийн сайхан царай чинь л надад юугаар ч сольшгүй хөөрхөн санагдсан, тэгээд чи тэр л төрхөөрөө миний зүрхэнд ертөнцийн гоо үзэсгэлэн гэж чухам юу вэ гэдгийг анх ойлгуулсан билээ.

Өнөөдрийн бидний ярианд би ч бас үнэнээ л хэлсэн юм. Хөөрхөн гэсэн охидуудаа бараг дуу нэгтэйгээр дэмжиж дуусахад нь би гайхлаа. Тэрнийг минь хэн ч хөөрхөн гэж нэрлээгүйд жаахан гайхширсан ч бодох санах юмгүй хэлээд л тавьчихлаа. Тэр хөөрхөн. . . Эргэн тойрон хэдхэн секунд чив чимээгүй болсоноо энд тэндгүй намайг шоолон инээх дуу газар авлаа. Арай ч дээ, тэрийг хөөрхөн гэж байгаа юм уу. . . Юу нь хөөрхөн юм хэмээн хэн нэг нь надаас шооч инээдийн дуун дундуур асуухад өөрийн эрхгүй юм бүхэн нь хөөрхөн хэмээн зэвүүцэнгүй хариулж орхисон. Та нар өөрснөө тэнэг, хэн нь хөөрхнийг ялгаж харахгүй байна уу хэмээн би өөрийн эрхгүй шоолуулсандаа бахардан өгүүлтэл ха ха хэмээн инээлдэх манай ангийнхан тэр дороо надад элдвээр нэр хоч өлгөж эхэллээ. Олон хүнд нэг дор шоолуулах хичнээн муухай байсан ч гэлээ би худлаа худлаа гэж тэгэхэд хэлээгүй юм шүү. Уурлах хорсох, бачимдах зэрэгцсэн намайг манай ангийн хөвгүүд бахаа ханатал шоолон инээлдэж тэр өдөр орь ганцааранг маань сургуулийн гадна орхин явцгаасан юм даа . . .

Нилээдгүй жилийн дараа ангийн маань нэг нөхөр удаан хугацаагаар сурсан сургуулиа төгсөн гадаад орноос ирсэнээр ангийнхан маань ихэнх нь цуглан уулзаж хөөр баяр болон багын дурсамжаа хуваалцан бүтэн оройг хамтдаа үдлээ. Тэр маань оройхон хоцорсхийн ирэхэд нь бид түүнийг бараг л танихгүй шахам болсон байв. Сайхан хүүхэн болжээ. Гуалиг биетэй, эргэлдсэн алаг нүднийхээ тас хар уртаа гэгч сормуусаар шилбүүрдсэн үл таних сайхан хүүхэн бидний дунд чихэлдэн сууснаар манай ангийн залуусын дунд багийн нэгэн дурсамж эргэн ирлээ. Чи ч мөн нүдтэй хүү байжээ, арван жилд байхад чамайг хөөрхөн гэж ганцаараа хэлээд уурлаж байхад нь бид мөн ч их шоолж мөн ч их хочилж билээ. Гэтэл багаасаа л ёстой билгийн нүдтэй хүү байж шүү хэмээн хэсэг цаашлуулж билгийн нүдтэй хүүг яагаад одоо болтол эхнэр аваагүй байгааг тал талаас минь шалгааж эхэллээ. Санаанд нийцсэн хөөрхөн бүсгүй тааралдахгүй байна аа гэж үнэнээ хэлэхсэн. . .Би үнэнээ хэлсэнгүй ээ, хэлсэн ч тэд аягүй л бол хэдэн жилийн өмнөх шиг дахиад л ойлгохгүй байсан биз дээ.

Уулзалт задгайрч баарны бүдэг гэрэлд наргих халамцуу голдуу ангийнхан маань эхнээсээ хэд хэдээрээ гэрийн зүг харьцгааж эхэллээ. Тэр маань удалгүй суудлаасаа наашлан миний дэргэд ирж сууж, бид жаал ярьцгаалаа. Намайг тэгж хэлж байсныг чинь би ер мэдэлгүй өнгөрсөн байна шүү, өөрийгөө би ердөө ч хөөрхөн гэж боддог байгаагүй л дээ. Харин одоо би ямар болсон байна. Ингэж хэлээд тэр миний нүдрүү эгцлэн харж инээд алдан суулаа. Тас хар хөмсөг шивүүлсэн нь ойрхон суугаа надад ажиглагдаж байлаа. Энэ давхраатай алаг нүд ч, тэр бяцхан шулуун хамар ч миний танил төрх биш байлаа. Би зохиогүй гэж хэлж чадахгүй ээ, сайхан л харагдаж байна. Харин түүний нүд нь оч адил гялалзан гэрэлтэхээ хэдийнэ байж, будмал сормуусаа эргэлдүүлэн хүйтнээр шилбүүрдэхдээ сурамгай болсоныг ажлаа. Миний зүрхэнд хоногшин үлдсэн, сэтгэл догдлуулсан тэр сайхан инээмсэглэл түүний нүүрнээс гээгдэн үлдээд хир удсаныг харин би тааж чадахгүй нь. Өөдөөс минь зөвхөн хүссэн үедээ хэний ч өмнө инээж чаддаг, тооцоотой бас сэтгэлгүй мэт инээмсэглэл нүүрэндээ тодруулсан үл таних бүсгүй сууж байх шиг санагдана. Хорвоод хоёр нар мандсан мэт, хүний сэтгэл догдлуулж эргэн тойрон гэрэл цацруулсан чин сэтгэлийн инээмсэглэл чинь хаашаа одсон юм бол доо.

Түүнийг би хөөрхөн гэж огт хэлсэнгүй ээ. Тэр маань хөөрхөн биш байлаа. Би түүнд чи их царайлаг болжээ гэж хэлсэн, тиймээ тэр хөөрхөн байгаагүй юм. Ердөө л бусад олон олон хүүхнүүдийн нэгэн адил царайлаг бүсгүй болон хувирсан байлаа.

Харихаар ганцаар гадаа гарлаа. Намрын сүүлчийн сарын сэвшээ салхи нүүр лүү сэрүү татуулан үлээнэ. Сэтгэлийг минь догдлуулсан хөөрхөн хэн нэгэнтэй би удахгүй учирна гэдэгтээ итгэлтэй байна. Түүнийгээ би зөрөн өнгөрөх эдгээр олон охид бүсгүйчүүдийн дундаас нарны цацрагийг өөртөө хураагаад, итгэл сэтгэл дутагдсан өрөөл бусдад эргүүлэн цацруулах мэт гайхам сайхан инээмсэглэлээр нь таньж олох болно. Тэгээд л энэ олон жил хэлэх сэн гэж хүсч байсан үгээ, хоёр гарыг нь атгаад чанга дуугаар түүндээ хэлнэ .

Чи үнэхээр хөөрхөн юмаа. Яг л ингэж хэлнэ дээ. . .




Үргэлжлэл...