headerphoto

Аавгүй бацаан

Жаалхүүгийн нойр хулжижээ. Хулжих гэдгийн утгыг жаалхүү сайн ойлгоxгүй ч, хаяа эмээ нь “Өчигдөр нойр хулжаад, унтаж чадсангүй. Чи ч бүр үхсэн юмшиг унтах юм” гэж өвөөг нь зэмлэдэг үгс түүний санаанд орно. Ингэж хэлэх бүр өвөө нь гэм хийсэн мэт дуугаа хураадаг бол жаалхүү унтаагүй бол нойр хулждаг гэж мэдсэнээс гадна өглөө босоод эмээ өвөөгөө “Өчигдөр нойр хулжаад. Та муу хоёр ёстой үхсэн юмшиг унтах юмаа” гэж загнахсан гэж хүсдэг учир нойр нь хүрээгүйд тэр баяртай байлаа.

Жаалхүү шөнө унтаагүйдээ өөрөөрөө бахархана. Заримдаа тэр унтахгүй гэсээр унтчихдаг болохоор зуслангийн шинэ байшиндаа сэрүүн хэвтэх түүнд зугаатай байв. Юмс хэрхэн шөнө хувирсаныг үзэж жаалхүү сэрүүн хэвтэхдээ хуурч унтуулдаг эмээ өвөөдөө гомдон, загнасан ч унтахгүй гэж шийдэв. Жаалхүү том эр болжээ.

Нээсэн цонхны хажууд өвөөгийнхөө өвөрт хэвтэх жаалхүүд сэвшээ салхи цонхны голоор татсан даавуун хөшгийг аяархан сөхөн тэнгэрийн од, сарыг харуулна. Гадаа горхи хорчигнож, модод сэрчигнэн буйд эргэн тойрны бүх юмс амьтай мэт санагдан зууханд шатсан аргал, модны үнэр ба элдэв хачин авиа чимээгээр дүүрэн ойн цоорхойн байшин нь ч хүртэл жаалхүүг унтаагүйд баясаж байгаа мэт түүнд төсөөлөгдөнө...

Шалан дээр тусах саглагар мододын найгах сүүдрийг дамжин мөлхөх хар хорхойг ажиж хэвтсэн жаалхүү гартаа атгасан баатмэнаа сарны гэрэлд харав. Аав нь Англиас хүүдээ баатмэн явуулсныг уржигдар тэр авч. Түүмбүүшгэн дээр тавьсан сарны туяанд гялтганасан аавынхаа зургыг харж байгаад
-Ааваа би баатмэн болчихоод тан дээр очноо гэж жаалхүү шивнэв. Жаалхүү аавыгаа ил санадаггүй ч, аавынхаа өвөрт унтаж аавынхаа хацрыг алгаараа илдэг байсан мэт түүнд хаяа хаяа мэдрэгддэг. Ингэж мэдрэгдэх тусам жаалхүү санаанд буй тэр нэг бүдэг бадаг дүрийг эргэн тойрноосоо хайн, олохгүй болохоор нь бүр гайхан алсыг харуулдан зогсдог... Жаалхүү баатмэнээ дэрэн дээрээ тавиад алхуулж үзэв. Сүүдэр нь баатмэнээс том болов. Яагаад энэ шиг одоо болтол баатмэн болоогүйдээ жаалхүү гайхав. Баатмэн шиг хувцасгүй болохоор нисэж чадахгүй байгаа юм болов уу. Ааваараа хувцас авахуулнаа гэж жаалхүү баттай бодов. Тэрээр баатмэн болохын түмэн хүслэн.

Нээрээ, жаалхүү баатмэн болчихвол ямар гоё вэ? Тэгвэл баатмэн шиг байшин дамжин нисээр байгаад аавдаа очно. Аав нь жаалхүүг хараад “Өө миний хүү ямар мундаг баатмэн болчихоо вэ. Аавдаа жийп аваад өг” гэж гуйна. Баатмэн юм чинь жаалхүү аавдаа ч үнсүүлэхгүй. “Яасан удаа явдаг юм вэ” гэж аавыгаа загнаад жийпийг нь аваад, аавыгаа аваад эмээ өвөө хоёр дээрээ хүрээд ирнэ. Тэгээд жаалхүү дуртай үедээ шөнө нисээд л, унтах ч үгүй, ёстой гоё.

Өнөө өглөө зусланд нүүж ирээд жаалхүү манаач өвгөний тахианы байрыг үзсэн. Олон хурц өнгөтэй, сонин авиа дуутай тахиануудыг жаалхүү хараад өвөрмөц мэдрэмж мэдэрсэн. Өмнө нь ерөөсөө амьд тахиа үзээгүй түүнд амьд тахиа зураг шиг биш, aмьд тахиа үнэртэй, үнэр нь гоц юм байна гэж санагдсан. Өвөө нь жаалхүүг тэврээд
-Миний хүү тэр азарган тахиаг хардаа гэхэд жаалхүүд урьд нь ийм тахиаг харсан мэт зөн татав. Жаалхүүд ямар нэг юм чихэнд нь “Чи аз жаргалтай байна шүү” гэж хэлэх шиг болоход тахианы байраа үзүүлж байгаа манаач өвгөн, хацрыг нь үнсэх өвөө, өвөөдөө тэврүүлсэн жаалхүү хүртэл үл мэдэгдэх алсад учирсан мэт санагдаж байлаа. Жаалхүү тэр мөч шиг орчлонг мэдэрч, амьдралыг хурц амтлаагүй.

Манаачийнхаас гараад өвөө нь жаалхүүг тэвэрчихсэн алхаж явтал лагерийн байшингуудыг сүлжин байлдаж тоглох хүүхдүүдийг холоос харсан жаалхүү
-Би бууяа, би буумаар байна гэж ууртай хэллээ. Газар буулгатал жаалхүү өвөөгийнхөө гарыг ч атгалгүй том хүн шиг ганцаар алхав.
-Дадаадада, даа
-Даадаадаа, даа чи үхчихсэн шүү
-Үгүй ээ, би чамайг эхлэж алсан ш дээ
-Үгүй ээ, чи үхчихсэн
-Үгүй ээ... Байлдаж тоглож байгаа танихгүй хүүхдүүдийг харж зогсох маш их хорхой хүрсэн ч жаалхүү бишүүрхэн өвөөгийнхөө араас чиг харан баацганана. Ядаж байхад өвөө нь эргэж хараад жаалхүү рүү гараа сунгаад тэврэх гээд байв. Жаалхүү уурлан өвөөгөө цохимоор санагдсан ч хүүхдүүдийн хажууд ичээд чадсангүй.
-Шинэ бацаан ирсэн байна
-Харин тийм байна
-Харъя, харъя гэх хүүхдүүдийн дуу ард нь сонсогдоход жаалхүү өөрийгөө бүр том болчихсон мэт санаж цээжээ эгцэллээ. Гэртээ ирээд өвөө нь
-Миний муу ачтай тоглох чацуу хүүхдүүд харагдахгүй юм гэж эмгэндээ хэлэхэд жаалхүү тэр том хүүхдүүдтэй заавал тоглоно гэж бодож байлаа. Түүний хорхой нь хүрээд, аавынхаа явуулсан автомат бууг эмээгийнхээ чемдаанаас гаргуулсан билээ...

Одоо жаалхүү өвөөгийнхөө өвөрт нам унтаж байна. Түүний хулжсан нойр нь эргээд ирэхдээ маш гоё зүүд авчирчээ. Солонгын өнгө цацарсан зүүдэнд жаалхүү жийп унасан аавтайгаа, бас зуслангийн хүүхдүүдтэй байлдаж тоглоод, тэгснээ жаалхүү баатмэн болчихсон бүгдийг ялаад, аавдаа жийп, эмээдээ үнээ, өвөөдөө бийский авчираад л... Бяцхан хүүгийн зүрх баяр баяслаар бялхаж байна.

***
Зуслангийн өглөө ойн цоорхойд мишээсэн наран тусаж, горхи хоржигнон, шувууд жиргэн, хөхөө, тахиа донгодож, хорхой шавьж дүнгэнэн, зуслангийн айлуудын яндангаар утаа суунаглан, энд тэнд үнээ, мал мөөрч, турхиран хамаг юмс, байдал амар амгалангаар илэрхийлэгдэнэ. Жаалхүү өглөө босоод шөнө унтчихсандаа жаахан гэмшсэн ч найртай сайхан өглөө хоромхон зуурт жаалхүүгийн бяцхан нүүрэнд инээмсэглэл зурчихваа.
-Эмээ ээ, өвөө хаачсым бэ гэж жаалхүүг шулганан асуухад сүү самарч зогссон эмээ нь аргалын утаа боргилсон галын хажуунаас эргэж
-Өө миний баанцгар банди сэрчихсэн үү, өвөө нь гадаа мод хүрээдэж байгаа, алив үнсэе гэлээ.

Жаалхүү эмээгийнхээ үгэнд орж хувцсаа бараг өөрөө өмсөөд гар нүүрийнхээ алчуурыг аван өвөөтэйгээ нүүр гараа угаахаар горхи руу очив. Мяралзан урсах ширүүн горхины хага ташсан хүйтэн усанд жаалхүү нүүр гараа угаахдаа уйлсангүй харин ход ход инээн эр хонгор дуугаа ойн цоорхойд цуурайтуулж байлаа. Жаалхүүгийн ход ход инээд усанд мөлчийсөн бяцхан чулуу шиг жирэлзэн талийх горхины мандалд ойн ойсоор эргэн тойрондоо солонгын долоон өнгө шиг замхарна.

Жаалхүү өглөөнөөс хойш гоё хувцсаа өмсөөд баатмэн, автомат буу хоёроо барьчихсан, шоортныхоо хоёр халаасанд бохь, чихэр түнтийтэл чихчихээд модон байшингаа тойрон эргэлдэв. Өвөө, эмээ хоёр нь тоглож байгаа хүүхдүүд рүү аваачаад өгье гэхээр өөрөө ичээд очихгүй. Хүүхэд дагуулаад ирье гэхээр жаалхүү уурлаад өвөө рүүгээ чулуу чулуудаад байв. Эмээгийнхээ хийсэн хуушуурийг ч үдийн хоолноор их идсэнгүй. Хярмаа цалгилаад шатан дээрээ санаа алдан суусаар нэг мэдэхэд “хулждаг нойрондоо” баригдан эмээгийнхээ өвөр дээр унтчихсан байлаа.

Хамаг тоглоомоо алдсан юмшиг жаалхүү гэнэт сэрэв. Сэрээд бушуухан буу, баатмэнаа шалгаад, шоортоо өмссөнгөө чихэр, бохио нэгжээд бүгд бүрэн байгаад сэтгэл нь тайвшран гэрээсээ гарлаа. Гараад шууд л зуслангийн айлууд руу царцаа үсчүүлэн алхаж гарав. Эмээ, өвөө хоёр нь ачаа нууцаар араас нь харан, өвөө нь
-Өчигдөрөөс хойш л тоглох гээд шөнө ч унтахгүй байсан. Яахыг нь жаахан харъя гэхэд эмээ нь
-Ишш, миний муу хүүг маань айлын хүүхдүүд шоглочихгүй байгаа гэлээ.

Жаалхүү тоглож байгаа хүүхдүүд рүү бишүүрхэн дөхөв. Хэдийгээр тэр насандаа том биетэй ч ганц жаахан охиноос бусад нь түүнээс тохой өндөр хүүхдүүд байлаа. Хүүхдүүд жаалхүүгийн барьсан тоглоомыг хараад бүгд түүнийг бүчин нэрийг нь асууж, насыг нь мэдэв. Чи хэдэн настай юм гэж асуухад жаалхүү гурван хуруугаа гозойлгон
-Гулавтай гэж хэлэв.
-Чиний кармаанд юу байгаа юм гэж хамгийн өндөр банди асуухад
-Манай аав өгсөн чихэл, бохь байгаа гэлээ
-Аав чинь гэртээ байгаа юм уу гэж жаахан охин асуулаа.
-Үгүй миний аав Англид байгаа гэж жаалхүү шулганалаа. Хүүхдүүд энд тэндээс чихэр горьдон жаалхүү рүү гараа сарвайцгаан “Надаа, надаа” гэхэд тэрээр их л маадгар чихэр, бохио тарааж хармаагаа хоослов. Хүүхдүүд жаалхүүгийн өгсөн чихэр, бохийг идээд бүгд баярлан “Ёстой мундаг бацаан байна” гэж ам өрсөн магтаж гарлаа. Жаалхүү аль хэдийн бишүүрхэхээ болиод марсайтал инээж зогслоо.

Хоёр тал болж байлдаж тоглохоор болсон хүүхдүүд жаалхүүг өөрийнхөө талд авах гэж булаацалдав. Жаалхүү маш баяртай ход ход инээж зогсов. Хоёр тал удаан маргалдсаны эцэст хамгийн өндөр бандийн тал дийлж жаалхүү тэдний тал болов. Жаалхүү өгөх дургүй байсан ч
-Чи одоо манай тал юм чинь ах нь наад буугаар чинь бүгдийг нь алаад өгье гэж өндөр банди гуйсаар байгаад автомат бууг нь авч оронд нь модон буу өгөв. Тэгсэн ч жаалхүү аз жаргалтай байлаа. Том том хүүхдүүдийн хойноос маасагнан гүйж жаалхүү ход ход инээн дадададада гэсээр дайсны талыг ч өөрийнхөө талыг ч буудсаар л гүйгээд байлаа.

-Хөөё бацаанаа чи үхчихсэн ш дээ гэж дайсны талын нэг хүүхэд хэлэхэд жаалхүү яаж үхдэгийг мэдэхгүй учир марсайтал инээн өөдөөс нь
-Дададаада гэв. Жаахан охин жаалхүү рүү хүрч ирээд
-Чи үхэж мэддэггүй юм уу. Үхэхээр дээшээ хараад хэвтдэг байхгүй юу гээд зүлгэн дээр өөрөө хэвтэж үзүүлэв. Жаалхүү дагаж хэвтсэн ч түүнд үхэх сонирхол байсангүй. Хэсэг хэвтсэнээ босоод харсан хүүхэд болгоноо дададада гэж буудаж гарлаа.

Тэр үед жаалхүүгийн автомат буу ёстой мундаг тачигнаж байв. Автомат буунд оногдсон хүүхэд бүхэн үхнэ. Жаалхүү буугаараа бахархсан ч бас харамлаж байв. Тэрээр
-Би одоо нэг буудий л даа гэсээр гурав удаа гуйсан ч өндөр банди өгсөнгүй. Хамгийн сүүлийн удаа гуйхад нь өндөр банди тоглоомдоо халуурсан уу, их л ууртай
-Чи ямар харамч бацаан вэ. Тэгээд байх юм бол өгөхгүй шүү. Хол бай. Ална шүү гэв. Жаалхүү ална шүү гэдэг үгийн утгыг сайн мэдэхгүй учир айсангүй. Тэрүүхэн үед тоглоомдоо түүртээд дадаадада гэсээр цаашаагаа гүйсэн.

Байлдаж дуусахад автомат буутай жаалхүүгийн тал яллаа. Нэг туранхай шар хүүхэд
-Өө энэ ёстой мангар бацаан. Байлдаж чадахгүй. Үхчихсэн мөртлөнгөө буудаад, бүр өөрийнхөө талыг ч буудаад гэж хэлэхэд бүгд инээлдэж жаалхүүг дооглоцгоолоо. Хүүхдүүд шоолохоор жаалхүү жаахан урамгүй болсон ч марилзтал инээсээр байв. Тэрээр буугаа санан өндөр бандиас буугаа авъя гэтэл
-Байхгүй, ямар буу вэ гэв. Жаалхүү ойлгосонгүй
-Миний буу. Буугаа авий л даа
-Чи юу хуцаад байгаад юм вэ. Ямар буу вэ
-Миний буу. Миний аавын явуулсан буу. Буугаа авий л даа. Жаалхүүг үнэн голоосоо буугаа авъя гэж гуйхыг хүүхдүүд хараад бүгд шоолов.
-Энэ яасан харамч бацаан бэ? Үхчээсэн ганц бууны төлөө уйлах гэж байгааг нь гэж нэг хүүхэд хэллээ. Жаалхүү анх удаа ийм явдалтай таарч байгаа болохоор итгэсэнгүй.
-Миний аавын буу. Буугаа авий л даа. Жаалхүүд өөр хэлэх үг олдсонгүй. Хүүхдүүд инээлдэхэд өндөр банди бах нь ханасан янзтай
-Чиний аав хаана байгаа юм. Ааваа үзүүлдээ гэв. Жаалхүү
-Миний аав Англид байгаа гэлээ.
-Англи гэдэг чинь хаа байдаг юм. Чи мэдэх үү гэлээ. Жаалхүү хариулж чадсангүй.
-Чамд аав байхгүй мэдэв үү. Аавтай юм бол харуулдаа. Муу аавгүй бацаан минь ална шүү гэлээ. Жаалхүүд аавгүй гэж бодсон чинь аймаар санагдав. Аавтай гэсний баталгааг нь авч тоглоод олон хүүхдүүдийг үхүүлээд ялчихсан найз нь ингэж хэлнэ гэж жаалхүү санасангүй.
-Буугаа авий л даа. Жаалхүү уйлсангүй, харин ийм явдал байж болно гэдэгт гайхаж байлаа.
-Буугаа авий л даа. Хүүхдүүд шооглон инээлдсээр. Энд тэндээс ямар буу, ямар буу гэж хашгиралдана.
-Аавынхаа бууг авий л даа. Өндөр банди
-Чи тэгвэл баатмэнээ ганцхан үзүүлчих тэгвэл өгнө гэв. Жаалхүү баатмэнаа гайхуулах дуртай байсан болохоор үзүүлчихээд буутайгаа цуг авна гэж бодоод амархан итгэв. Тэрээр аавынх нь явуулсан буу, баатмэн хоёрыг хэн нэгэн нь ингээд булааж чадна гэдэгт итгэсэнгүй. Хармаагаа ухан баатмэнаа өндөр бандид өгөхдөө
-Буугаа авий л даа гэж жаалхүү дахиад хэлэв. Өндөр банди баатмэнийг авчихаад жаалхүүд доогтой харснаа
-Аанн, чиний буу юу. Тэр ягаан байшингийн доор байгаа очоод ав гэлээ. Жаалхүү баацганан тийшээ гүйж ягаан байшингийн баастай ёроолоос хугархай буугаа олж авлаа. Жаалхүү уйлсангүй. Харин зэвүү нь хүрэв. Цаашаагаа явж байгаа хүүхдүүдийн хойноос жаалхүү хугархай буугаа чирсээр паадганан гүйлээ. Энэ үед дээрээс харж суусан өвөө нь хэрэг нэг л бишдсэнийг анзаарч яаран сандран уулнаас бууж байлаа. Өөртөө бардсан өндөр банди жаалхүүг араас нь гүйж байгааг эргэн хараад түр зогсон
-Аавгүй бандгар бацаан яах гээд байнаа гэж өөдөөс нь хашгирлаа. Хүүхдүүд шоололдон инээлдэнэ. Жаалхүү шууд очоод өндөр бандийн гараас зууран
-Миний баатмэн, миний баатмэн гэв.
-Юун баатмэн, яасан баатмэн. Ална шүү бацаан минь гээд өндөр банди жаалхүүг түлхэв; жаалхүү хойшоо суучихав. Зуслангийн хүүхдүүд инээлдсээр л... Жаалхүү шууд босон хугархай буугаараа өндөр бандийг цохиод авлаа. Өвөө нь дээрээс
-Хөөе хаая гэж орилсоор харайлгаж байлаа. Мөрөндөө цохиулсан өндөр бандийн шар хүрч жаалхүүг цохих гэтэл хаанаас ч юм хар жийп ирэн тоормслон зогсов. Жаалхүү нүдэндээ итгэсэнгүй
-Миний аав, миний аав, жийбтэй миний аав гэж тэрээр амандаа шивнэтэл жийпэн дотроос гялалзсан сойз үс, хар нүдний шил, цагаан цамц, хар жинс, шөвгөр хар гутал, бүдүүн гэдэстэй өндөр аав, нөгөө хаалганаас нь өндөр туранхай цагаан палаажтай цагаан ээж гараад ирэв. Тэд жаалхүү рүү муухай харж, ээж нь
-Чи миний хүүг яагаад цохиж байгаа юм гэж загнахад, аав нь жаалхүү рүү гараа далалснаа өндөр бандийг сайтар шалгаж эргүүлж тойруулж хараад жийпнийхээ арын хаалгыг онгойлгон
-Миний хүү суу гэж өндөр бандид хэлээд жаалхүү рүү харснаа
-Дахиад чи манай хүүг цохиод үзээрэй. Зад алгадана шүү чамайг, муу новш минь гэж том гэдэстэй аав хэлэв. Жаалхүү юу болсныг гүйцэт ухаарсангүй алмайрчээ. Тэрээр зад тавин мэгшин уйлах гэж байлаа.

Жийпэн дотор өндөр бандийн аав зүүн гар тал руугаа эргэж харан жолоогоо мушгингаа хүүгээсээ
-Миний хүү зүгээр үү. Энэ чинь яасан айхтар банди вэ. Хэн гэдэг юм гэж асуув.
-Би мэдэхгүй ээ. Энэ ойн цоорхойд саяхан нүүж ирсэн айлын хүүхэд гэв.
-Аанн, энэ нөгөө Дэмбэрэл гуайн танил хоёр хөгшин буусан гэсэн тэдний ач юм биз. Үүний чинь ээж нь гадаад очоод нөхрөөсөө салаад халтартай явалдаад завхайрсан юм гэсэн. Чи битгий эцэг эхгүй хүүхэдтэй орооцолдоод бай. Эх нь шийр алаг бол үр нь шийр алаг гэдэг юм гэж ээж нь хэлэв.
-Чи сонсов уу, эцэг эхгүй хүүхдүүдтэй битгий тогло гэж ээж чинь хэллээ шүү дээ гэж аав нь чанга дуугарахад, муу аавгүй бацаан хэнд ховлодог юм гэж бодож амжсан өндөр банди зальжингаар аавынхаа нүдийг урдах толинд харснаа
-Жа ааваа гэж хариулахдаа сэмээрхэн өмднийхээ халаасан дахь жаалхүүгийн баатмэнийг тэмтэрч үзлээ.

Харин жаалхүү тоос босгон давхин одох хар жийпийг нулимсанд бүрэлзсэн нүдээр харан
-Жийбтэй аавтай хүүхэд миний баатмэнийг аваад явчихлаа ш дээ гэж эхэр татан уйлсаар ганцаар хоцорлоо...