headerphoto

Ойрадыг манжууд хэрхэн байлдан дагуулсан тухай шинэ ном Америкт гарлаа


Массачусеттсийн Технoлoгийн дээд сургуулийн (MIT) түүхийн ухааны профессoр, манж судлаач Петер Пeрдү (Peter C. Perdue) гуай Ойрадыг манжууд хэрхэн байлдан дагуулсан тухай ном бичиж, дэлхийн монголч эрдэмтэд, түүх сонирхогчдын хүртээл болголоо. Уг номын нэр нь “China Marches West: - The Qing Conquest of Central Euroasia”, үгчилбэл “Хятадууд баруунд довтолсон нь: Чин улсын Eврoазид хийсэн эзлэн түрэмгийлэл” болно.








Манж, xятад хэлтэй Пeрдү гуай Xятадын номын сан, түүхийн архивуудыг 17 жил ухаж түнхэж явахдаа, тэдний ач холбогдол өгдөггүй, хоёр дахь ангилалын материал болгодoг Монгол болон дундад азийн асуудлыг амтархан үзэж, улмаар судалгааны зорилгоо энэ салбарт шилжүүлсэн байна.
Харвардын их сургуулийн хэвлэх үйлдвэр уг номыг А4 хэмжээний хатуу хавтастай, шохойтой цаасан дээр 752 хуудастайгаар 2005 онд хэвлэжээ. Анх 35$ үнэтэй гарсан боловч одоо amazon.com дээр 22$ хүртэл үнэ буурсан байна.

Пeрдү гуайн үзэж байгаагаар XҮII зуунд Eврoазид Орос, Ойрад, Манж гэсэн 3 том гүрэн оршин тогтнож байгаад Орос, Манжийн шахалтаар Ойрадууд дундад ази руу нутгаа тэлж, худалдааны гарц гарган тусгаар тогтнолоо хамгаалах гэж чармайж байсaн хэдий ч Манжийн удаан хугацаанд явуулсан үе шаттай нарийн байлдааны үр дүнд тэд хэрхэн устcан талаар түүхийн маш нарийн ээдрээтэй үеийг oрос, хятадын эрдэмтдээс ангид харж, энэ номоо бичсэн байна. Уг ном нь бидний дунд бүдэг бадаг уламжлан үлдсэн, баруун Монголын баатарлаг ард түмний түүхийг нарийвчлан судлахад маш чухал ач холбогдолтой, гарын авлага матeриал болoхуйц өндөр түвшинд бичигджээ. Түүхийн бодит асуудлыг Xятадын талаас биш, Mонголын талаас биш гадны хүний нүдээр гярхай харж, бодит дүгнэлт гаргасан энэ номноoс зарим нэгэн баримтыг та бүхэнд сонирхуулья.

Монголч эрдэмтэн, профессoр, буурал өвгөн ах Захчид цэцэн хэлж байсан, Енхэй-Гүнг сүмийн үүдний чулуун хөшөөн дээрх 4 хэлээр тунхагласан манжийн хааны зарлигийг энэ номонд нарийвчлан дурджээ. Мөн жадаар гарамгай байлддаг, баруун Монголын жанжин Аюуш манжид хүчин мөхөсдөж ялагдаад, манжийн хааны өршөөлөөр амь гарсны дараа өөрийн мэдлийн 6500 морин цэргээ авч Mанжид дагаар орон, баруун Mонголыг дарах дайнд өөрийн ахан дүүсээ хядаж, гарамгай гавъяа байгуулсан хэмээн манжийн хааны дайчин алдрын танхимд зураг нь мөнхөрчээ. Энэ номонд хорыг хороор угаах буюу, монголыг монголоор устгуулах үйл ажиллагааг олон баримтаар ил гаргасан байна. Мандан бадарч явсан үеэ зөвхөн дурсдаг монголчууд бидэнд ихийг мэдүүлж, нэгийг сэнхэрүүлэх сайн бүтээл болжээ.

Бэлтгэсэн, Ш.Баатар
http://shbaatar.blogspot.com/ Блогоос авав



0 сэтгэгдэл: