headerphoto

Алдаа биш оноо байсан шүү эрхэм аав минь.

Саяханы нэг өдөр эгчийнхээ хоёр охиныг дагуулаад, авга ахын энд сурдаг оюутан охинтой хамт гадуур гарлаа, би дээрээ нэг эгчтэй бөгөөд айлын хоёр охины бага нь, миний эгчийн амьдрал шулуун дардан байгаагүй, залуу жаахан насандаа алдаж явсан ч сайхан аав ээжийн буянд тэр бүхнийг нэг их зовлонгүй туулаад гарсан гэвч одоо эргээд харахад алдаж явсан хуучны өдрүүдийн оноо болоод үлдсэн нь хөөрхөн охин нь юм даа гэж бодогддог. Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг эгчийнхээ том охиныг хараад л мэдэрлээ, анх эгч минь жирэмсэн болоод манайд багагүй асуудал үүсч байлаа, учир нь эгчийн минь найз залуу болох өндөр шар залуу эхнэр хүүхэдтэй байсан болохоор айлын хүүхдийг өнчрүүлээд, өөрийн зээг бүтэн хайранд өсгөх үү? гэдэг асуудал манайд үүсэж, энэ бүхэнд аав ээж минь ухаалаг хандаж, хүний хань, хүүхдийн аавыг гэрт нь буцааж харин өөрийн охиноо санаа сэтгэлээр дэмжиж хүүхдээ гаргахыг зөвшөөрсөн юм.

Мэдээж анхыхаа хүүхдийг эцэггүй гэх тодотголд төрүүлэх болсон нь эгчид минь ямар хэцүү байсан нь ойлгомжтой гэвч тэр бүхэн ичиж айгаад байх зовлон биш гэдгийг аав ээж минь сайн учирлан хэлж, харцаараа хайраараа ойлгуулдаг байлаа, бие давхар эгч минь удалгүй хоног хугацаа нь болж төрөөд манайх гэдэг айлд шинэ хүн ирлээ, аав ээж минь баярлаад л нулимс унагаж байсаныг би тод санадаг юм, эгч минь хавар урь орж байхад төрсөн гэхдээ яг тэр өдөр бол их хүйтэн өдөр байсан юм, аав минь эртнээс бэлдсэн шинэ хонины махаар шөл хийж эмнэлэг яваад л, магадгүй ингээд л өвөө болчихлоо гэж бодоход өөрт нь ч сонин байсан байх, нэг л тийм бодолд дарагдаж байх шиг санагддаг байсансан.

Эгч охинтойгоо эмнэлэгээс гарах тэр өдөр ах болон би бас миний хөөрхөн дүү бид хэд хирэндээ л догдолсонсон, манайх гэх айлд надаас гурван насны зөрүүтэй эрх дүүгээс минь өөр жаахан хүүхэд байхгүй болохоор тэр өлгийтэй хүүхэд бидэнд их сонин содон байлаа, тэд ирлээ, аав минь хаалга онголзуулан гарч орохыг хориглож, өөрөө ч гэрээс гарч тамхи татаж, ирсэн зочин гийчинг ч гадаа тамхи татахыг анхааруулдаг байсан сайн өвөө.

Харин ээж минь залуухан намайг эмээ болгосон дураараа зээ минь гээд л эгчийн охиныг эрхлүүлэнэ, шөнө уйлахад нь эгчээс урьтаад ээж минь босчихоод, хуурайлж өлгийдөөд, бүүвэйлээд л зогсдог байж билээ, нээрээ л эх хүн охин хүүхэдтэйгээ хамт дахин төрдөг ч юм шиг санагддаг байж дээ.

Миний хөөрхөн дүү гонзгой толгойтой, шингэхээн үстэй, нэг л урт шар охин байж билээ, бас жаахан солир хардаг, үнэндээ тэр үед солир болох нь гэж боддог байсан ч ээж минь нялх хүүхэд ингэж хардаг юм, хэд хоногоос зүгээр болно, миний охин ч бас багадаа солир байсан гээд багийн минь зургийг үзүүлж байсан юм, нээрээ ч би багадаа хөөрхөн солир байж, гэхдээ дүү шигээ царайлаг биш их царай муутай жаал байсан юм билээ.

Дүү том болох тусмаа улам л хайр татана, бас нилээн эрх дураараа, ямар ч байсан би дүүгээс болж эгчтэй муудалцаж, ээждээ нилээн хов зөөж, хошууг унжуулж зогсдог хааяа бүр нулимс урсгадаг охин байлаа, одоо бодоход их ичмээр би тэр үед аль хэдийн ахлах ангийн буюу бараг төгсөх ангид сурч байсан том охин, гэхдээ л ээж, аавдаа бол өмгөөлөл, хайр хүссэн жаахан охин байсан нь мэдээж.

Тэр өдөр манайд ирж байсан өлгийтэй жаахан охин, том болох тусмаа хэрэг тарьж тэр хирээр намайг уйлуулдаг байсан жаахан шар дүү минь надаас ч өндөр, том хөөрхөн охин болжээ, түүнийхээ өдрөөс өдөрт өсөж, аавыгаа дуурайж байгааг харах тоолондоо түүний минь аав болох өндөр шар залууг боддог юм.

Одоо хаана, юу хийж явааг нь бид мэдэхгүй яг л түүн шиг энэ хорвоод өөрийг нь өвчөөд төрчихсөн мэт хөөрхөн охин нь өсөж өндийж, харийн оронд боловсрол эзэмшихээр, хичээнгүйлэн суралцаж, олон орны хүүхдүүдтэй гадаад хэлээр ярьж, дүрэмт хувцасандаа багтахгүй шахам өндөр, царайлаг охин болж байгааг мэддэггүй л байх даа.

Магадгүй тэр энэ бүхнийг мэдэхгүй нь нэг талаар сайн ч нөгөө талаар тэр хамгийн азгүй аав ч байж мэдэх юм, ийм хөөрхөн охинтой гэдгээ ч мэдэхгүй, өөртэй нь дэндүү адилхан бас их ажилсаг, цэвэрч нямбай, хичээнгүй ирээдүйд хэн ч болж мэдэх ухаалаг охиноо танихгүй.

Миний дүү өөрийн аавынхаа тухай хэзээ ч асууж байгаагүй, харахсан гэж ч хүсдэггүй гэвч энэ бүхэн одоохондоо, мэдээж өшөө жаахан том болох тусмаа сонирхож, аав гэдэг хүнийг зүрх сэтгэлээсээ санах үедээ асууна гэдгийг би мэддэг, харин тэр үед нь үнэн зөвөөр төрсөн эцгийнх нь тухай хэлээсэй гэж хүсдэг бас өөрийн мэдэх хирээр аавынх нь тухай ярьж өгнө гэж боддог, гэхдээ зөвхөн дүүгээ хүсэх үед нь.

Гэхдээ дүүгээ харах тоолондоо дүү минь яг л тэр хүн шиг дүр төрхтэй болж байгааг мэдэрдэг, мэдрэх хирээрээ дүүг минь энэ хорвоод урьсан тэр эрхэм хүн, хуучны өдрийн эхлүүлээд үлдээсэн амьдралаас нь үндсэлээд үлдсэн үр нь хаа нэгтээ амьдарч байгааг санаж яваасай л гэж хүсдэг, үнэтэй бэлэг сэлт, хөрөнгө хогшил үнэндээ хэрэггүй, зөвхөн үрээ гэсэн эцгийн чин сэтгэл, сайхныг хүссэн цагаахан хүсэл л дүүд минь хэрэгтэй, аав тэнгэр дүүгийн минь хажууд биш ч холоос харж, түшиж яваасай л гэж боддог.

Гишигсэн мөр бүхэн шулуун дардан байдаггүй энэ амьдралд хуучны өдрүүдийн алдаа бүхэн алдаа байдаггүйг санаж харамсалаар биш баяр хөөрөөр бодож яваарай, халуухан тэр хуучны өдрүүдийг бодох хирээрээ хаа нэгтээ орхиод явсан үрдээ зориулж чадаагүй хайрынхаа төлөө хааяа нэг сэтгэлээсээ цагаахан цацал өргөж яваарай эрхэм аавууд минь.

Өөрийн чинь сайхан бүхнийг өчүүхэн биедээ шингээн төрсөн хүү чинь, охин чинь өсөж өндийж, ухаалаг нэгэн болон өсөж, таны зориулж чадаагүйг ээждээ зориулан, халуун цай зөөсөөр өсөж байгаа шүү.

Тэд сайн бас сайхан хүмүүс болноо.






0 сэтгэгдэл: