headerphoto

Хос гутал шиг адилхан олон номоор яах юм бэ

• 2008.10.21, 10:35 • Үнэн
Х.МЄНГЄН
“Хулан”, “Шүрэн бугуйвч”, “И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай”, “Yйсэн дээрх бичээс”, “Чимээгүй хашгираан” гээд олон арван бүтээлээрээ олонд танигдсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийг “Сайн өдөр”-ийн зочноор урилаа.
Тэрбээр утга зохиолын үргэлжилсэн үгийн төрлийн тасрах дөхсөн гольдролд шинэ өнгө сэлбэсэн бүсгүй юм. Тэр тусмаа шинэ үеийг номын амтанд оруулах үйлсэд хувь нэмэрлэж яваа билээ. Бидний яриа түүний амьдрал, уран бүтээлийн тухай элдэв чимэггүй өрнөв. -Утсаар ярихад Та охиноо ойрд сургуулиас нь авсангүй гэж байсан. Зав муутай байгаа юмаа даа?
-Харин тийм ээ, охиноо ойрд сургуулиас нь аваагүй. Єнөөдөр заавал авна гээд амлачихсан байсан юм. Ер нь завгүй л гүйгээд байна даа.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Гурван охинтой. Энэ охин маань дундах нь.
-Завгүй хүн гэр бүлд үүрэг гүйцэтгэж байна уу?
-Яахав дээ, гэртээ байж байна гэдэг гүйцэтгэж байгаа л гэсэн үг шүү дээ. Гэрийн бүх ажлыг эмэгтэй хүн ганцаараа хийх ёстой гэж боддоггүй. Зарим ажлаа хийж амжихгүй бол хүнтэй хуваалцана. Нөхөр маань хэлдэг л дээ. Ажил ихтэй байвал өөр хүн туслуулъя, чиний хийж байгаа ажлыг олон хүн хийж чадахгүй, гэр цэвэрлэхийг хүн бүр хийж чадна гэж. Гэр ахуйн ажлыг заавал би хийх гээд байх албагүй. Гэхдээ амжуулахыг л бодно. Одоо бол юун гэр цэвэрлэхтэй манатай л явна.
-Та жендер судлаач мэргэжилтэй бил үү?
-Зүгээр л сонирхол. Сонирхлын журмаар жендер судалдаг. Харин сүүлийн үед жендер судлалаа түр хойшлуулаад байна. Уран бүтээлдээ анхаарч, цаг цав гаргая гэж бодоод байгаа.
-Таны “Шүрэн бугуйвч” тууж кино болсон. Таван жилийн өмнөх тууж шиг санагдаж байна?
-Дөрвөн жилийн өмнө бичиж байсан байх аа.
-Кино хийх санааг анх Та гаргасан уу?
-Yгүй, үгүй. “С.A.C pictures”-ийнхан ярьж байна билээ. Хоёр дахь киногоо хийх гээд зохиолын уралдаан зарласан юм байна л даа. Бараг зуу гаруй зохиол ирсэн ч шаардлага хангах нэг ч байгаагүй гэсэн. Тэгээд санамсаргүй тохиолдлоор миний “Шүрэн бугуйвч”-ийг олж уншаад кино болгохоор шийдэж.
-Туужаа кино болох гэж байгааг мэдэхгүй шахам явж байсан хэрэг үү?
-Мэдэлгүй яахав дээ. Анх уншаад, таалагдаад дараа нь тэд надад санал тавина шүү дээ. Миний оюуны өмч учраас. Тэр ч утгаараа надаас зохиогчийн эрхийг нь худалдаж авсан.
-Єө, тийм үү. Хэдээр вэ?
-Тэрийг нээх айхтар зарлаад яах вэ. Хоорондоо тохиролцсон. Уг нь кино зохиолын уралдаан зарлахдаа шагналыг нь нэг сая гэсэн юм билээ. Надад түүнээс илүүг өгсөн.
-Ємнө нь зохиолоороо кино хийх бодол Танд төрж байсан уу?
-Yгүй дээ, бодож байгаагүй юм байна. Студиуд л сүүлийн жил зохиол бичүүлэх хүсэлт их тавьж байгаа. Харамсалтай нь зав муутай болохоор кино зохиол бичиж амжихгүй. Харин бэлэн зохиолыг кино болгоё гэвэл би татгалзахгүй. Нээрээ өмнө нь миний “Хулан”-г кино болгохоор “Монгол кино” нэгтгэл, “Logic фильм” хамтран ажилласан удаа бий. Бүр жүжигчдээ пробонд оруулаад гол дүрд нь топ модель Пүрэвсүрэнг тоглуулахаар сонгож байсан. Хөрөнгө, санхүүгийн тал дээр жаахан асуудал үүсээд л өнгөрсөн дөө.
-Яг одоо Та ямар уран бүтээл туурвиж байна вэ. Завгүй л гээд байдаг, сүүлийн үед шинэ ном гаргаагүй санагдана?
-Энэ асуултаас заримдаа бүр айдаг болсон шүү. Уг нь одоо би өгүүллэгүүд бичиж байна. Удахгүй бүх өгүүллэгээ нэгтгээд “Шүүдэрцэцэг” нэртэй түүвэр гаргах төлөвлөгөөтэй. Миний өдийг хүртэл бичсэн бүх өгүүллэг багтана.
-Ер нь уран бүтээлийн гараагаа хэдийнээс эхэлсэн юм бэ, Та?
-Гараа гэхээр хаашаа ч юм, ер нь уран зохиол бол миний хобби. Ном унших дуртай, уран зохиолд хорхойтой. Сүүлдээ номоо “Уран зохиолд дурласан дурлал” гэж ч нэрлэмээр юм шиг санагдах болсон гээч /инээв/. Yнэндээ зохиолч болж, зохиолчийн амьдралаар амьдарна гэсэн бодол надад байгаагүй. 2001 онд сонирхлын журмаар нэг өгүүллэг бичээд “Хонгорзул” сонинд нийтлүүлсэн. Тухайн үедээ ид шуугиулж байсан сонин шүү дээ. “И-мэйлээр илгээсэн сарнай”-гаа тэнд өгөөд мартчихсан. Ёстой л нөгөө “эхлэн бичигчийн” тодотголтой өгүүллэг байхгүй юу. Гэтэл хэзээ хойно “И-мэйлээр илгээсэн сарнай” гээд нээх гоё өгүүллэг “Хонгорзул” сонинд нийтлэгдсэн байсныг вэб сайт руу орууллаа гэж нэг хүүхэд ярьсныг таньдаг хүн маань надад хэлээд. Би өгүүллэгээ нийтлэлийн бодлогод нь тохирох юм байна гэж бодоод л өгсөн болохоос хүн тэрийг минь шүтээд, ийш тийшээ дамжуулаад байна гэж бодохоор надад хачин санагдсан, тухайн үедээ. Түүнээс хойш хааяа ганц нэг юм бичээд байж байтал нөхөртэйгээ хамтраад “Алтан шар сонин” нэртэй чөлөөт хэвлэл гаргасан. Гэтэл сонинд цувралаар тавих зохиол хэрэг болоод “Хулан” гэж жижигхээн өгүүллэг бичсэн байсныгаа үргэлжлүүлсэн дээ. Тэгээд цуврал нь бараг дуусаагүй байтал уншигчид ном болго гэсээр байгаад “Хулан” маань тууж болсон. Номоо гаргасан өдрөө л зууг борлуулж байсан гээд бод доо.
-Угаасаа Таны номууд борлуулалт сайтай байдаг шүү дээ?
-Гол нь “Хулан” шиг биш. Тухайн үед “Хулан”-г ном болгож байгаа, захиалга авна гээд зарлачихсан байсан. Хүмүүс хэзээ хэвлэгдэх вэ гэж утасдаад, би дуусгаагүй байсан болохоор сандраад бөөн юм болж билээ. Хэвлэлтэд гармагц нь зуун ном гэр гэрт нь хүргэж өгч байснаа бодоход одоо атаархдаг шүү. Yүний дараа хоёр, гурван тууж бичсэн. Гэхдээ би ном үйлдвэрлээд байя гэж үнэхээр бодоогүй. Хэрэв тэгж бодсон бол би сард нэг ном бичээд байж чадна л даа. Амархан ч, ашигтай ч байсан. Хос гутал шиг адилхан олон номоор яах юм бэ. Ингэж бодоод сүүлд гаргасан “Yйсэн дээрх бичээс” номондоо өөрийгөө янз бүрээр сорьсон. Сонин, сонин хэлбэрээр өгүүллэгүүд бичсэн. Би өгүүллэгт дуртай. Гэтэл уншигчид эсрэгээрээ тууж сонирхдог. Мэдэж байгаа биз дээ, жинхэнэ ур чадвар шалгасан төрөл чинь богино өгүүллэг.
-Та Шүүдэрцэцэг гэдэг нэрээ хүмүүсийн сонирхлыг татах гэж өгсөн үү, эсвэл эхлэн бичигч гэдэг утгаараа эмээсэндээ нэрээ нууцалсан юм уу?
-Ёстой тэгж эмээгээгүй. Угаасаа би эхлэн бичигч ч, зохиолч ч байхыг хүсээгүй байхгүй юу. Зүгээр л уран зохиолын аятайхан, гоё нэртэй байх хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт, залуудаа мэргэжилдээ дуртай, гайгүй сэтгүүлч байлаа. Тийм болохоор өөрийнхөө нэрээр зохиол бичээд эхлэхээр хүмүүс юу ч гэж бодох юм билээ. Ийм эргэлзээ байсан. Хүмүүс гэхдээ Шүүдэрцэцэгийг гоё нэр гэдэг.
-Би бүр гайхдаг юмаа. Таныг залуусын амьдралын тухай яг бидний дунд амьдардаг юм шигээр харж бичиж байгааг?
-Би 17 настай том охинтой хүн шүү дээ. Охин намайг анх зохиол бичиж эхлэхэд 14 орчим настай байсан. Эмэгтэй дүү маань ч 18 настай байлаа. Тэр хоёр минь үргэлж миний хажууд, найзууд шиг байдаг болохоор сэтгэлгээ залуу байхад нөлөөлдөг. “Шүрэн бугуйвч”-ийн хавтсан дээр байдаг охин миний эмэгтэй дүү. Оюутан.
-Тийм үү, хүмүүс хавтасны зургийг нь хараад зохиолч нь энэ юм байх гэж андуурдаг шүү?
-Харин тийм болохоор өгүүллэгийн түүвэр дээрээ өөрийнхөө зургийг тавина. Бас миний сонсдог ном буюу анхны цомог гарах гэж байгаа, удахгүй. Алтанцэцэг гээд уран бүтээлийн сайн найз маань миний зургийг тавих санааг гаргасан. Алтанцэцэг миний “180 хэм”-ийг теле жүжиг болгосон. Хоёр эмэгтэй нийлбэл сайн бүтээл төрдөг юм билээ.
-Та бодит амьдралаасаа зарим нэг үйл явдлыг номондоо оруулдаг уу. Хааяа тэгж бодогддог?
-Yгүй, ерөөсөө оруулдаггүй. Амьдралаа бичээд байвал уйтгартай шүү дээ. Зохиолын баатруудаа аль болох амьд мэт байлгахыг л хичээж бичдэг. Ийм насны хүн ийм зантай, ийм боловсролтой байх болов уу гэж их боддог. Ингэснээрээ л хүмүүст илүү их хүрдэг байх аа.
-Урьд нь Та сэтгүүлч байсан. Зохиолч хүний амьдралаар амьдрах ямар вэ?
-Сонирхолтой. Бичиж байгаа зохиол бүрийнхээ ертөнц рүү орчихож байгаа юм шиг.
Зохиолоороо дамжуулж өөр өөр ертөнцөд амьдардаг. Єдөр тутмын нэгэн хэвийн амьдралаар амьдарснаас энэ нь маш сонирхолтой. Зохиолчийн амьдралаас асар их кайф авдгаа сүүлийн үед л мэдрээд байгаа /инээв/. Би чинь бодит амьдрал дээр прагматик сэтгэлгээтэй, аливаад шүүмжлэлтэй ханддаг хүн. Энэ зангаараа амьдралд хандаад амьдрахад хааяа хэцүү. Философи, нийгмийн ухаан, ялангуяа социологийн шинжлэх ухааныг сонирхдог. Тэгэхээр заримдаа хоёр өөр хүний амьдралаар амьдарч байгаа ч юм шиг санагддаг. Ямартаа л манай охин хэлж байх вэ дээ. Шүүдэрцэцэг гэдэг чинь та биш, тэр чинь тэс өөр тансаг хатагтай гэж. Би болохоор бодит зүйлст дуртай. Yсчин хүртэл намайг шүүмжилдэг болсон. Эмэгтэйлэг, чөлөөт стильтэй бол гээд. Нээрээ л номуудаа харсан чинь костюмтай, шулуун үстэй, нэгэн хэвийн. Шүүмжлэлийг нь хүлээж аваад үс засалтаас эхлээд өөртөө нэлээд өөрчлөлт хийлээ. Yргэлж нөгөө л хэвээрээ байвал уйтгартай юм шиг ээ.
-Та атаархмаар гэр бүлтэй. Энэ тухай яривал нэгэн гоё хайрын түүх оршиж байгаа болов уу. Хайр гэж таныхаар юу вэ?
-Баярлалаа. Нөхөр бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд. Олон жилийг хамтдаа өнгөрөөлөө. Он гараад гэр бүл болсны 18 жилийн ой болно. Хайрын тухай бичдэг болохоор ч тэр үү хайр гэж юу вэ гээд л надаас хүмүүс асуудаг. Ус гэж юу вэ гэвэл H2O гээд хариулчихна, хайранд ямар томъёо байх биш дээ. Гэхдээ би боддог юмаа. Сэтгэл гэдэг бие махбодиос өөр зүйл. Зарим хүн эрхтэн гэдэг болсон байна. Хүн хүчилтөрөгчгүйгээр амьдардаггүй шиг сэтгэлийн хүчилтөрөгч нь хайр юм болов уу. Хайр олон янз шүү дээ. Гол нь тэр олон хайр хүний сэтгэлд байхгүй болчихвол амьдрал ямар болох вэ. Саяхан миний хайрладаг солонгос жүжигчин амиа хорлосныг сонсоод хэд хоног гуниглалаа. Нөхрөөсөө салсныхаа дараа амиа хорлосон юм билээ. Тэгэхээр хүн хайргүйгээр удаан амьдрахгүй гэж үнэн байгаа биз.
-Уран зохиол оролддог хүмүүсийн сэтгэл бусдаас эмзэг байдаг юм шиг ээ. Амархан гомдож, түүнээс ч амархан баярладаг ч юм уу?
-Хэн хэлсэн байлаа даа, авъяас бол эмзэглэл гэж. Ганц зохиол ч бус олон зүйл эмзэглэлээс төрнө шүү дээ. Улстөрч хүн байлаа гэхэд өнөөгийн нийгмээс мэдэрсэн эмзэглэл нь улстөрийн алхмууд болох жишээтэй. Би ч гэсэн эмзэг.
-Нөхөр тань Таны фэн үү?
-Нөхөр маань миний анхны уншигч энэ тэр гэж худлаа хэлээд яах вэ. Мань хүн ажил ихтэй. Гэхдээ намайг мэдээгүй байхад миний зохиолуудыг үе үе уншчихсан байдаг. Тэгээд хааяа “чи тэрийг эвгүй л биччихсэн байна лээ” гэнэ. Тэр нь өөрийнхөөр нь гоё бичжээ гэж байгаа юм уу даа. Хамгийн анхны уншигч, хамгийн том зөвлөгч, шүүмжлэгч бол миний охин Амина. Yнэхээр сайн хүүхэд. 14 хүрээд л Май Ридийг уншихаа больсон гээд бод доо. Саяхан би зураач Байгалийн зургаас сэдэвлээд “Сэтгэлийн анир” гэдэг анхны хайрын тухай уянгын өгүүллэг биччихээд охин руугаа и-мэйлээр явууллаа. Тэгсэн охин маань хариу и-мэйлдээ “ээж таны бичлэгийн чадвар үнэхээр big сайжирчээ” гэсэн байна лээ /инээв/. Миний охин надад шүүмжийн тал дээр хэзээ ч ээж минь гэж тал засдаггүй байхгүй юу. Уран зохиолын боловсролтой хүний хувьд би юу бичихээ мэднэ. Гэхдээ л дотроо өөрийгөө голдог ч юм уу, тиймэрхүү юм байх шүү дээ. Харин охиноосоо ийм үг сонсоод үнэнийг хэлэхэд их урам авсан.
-Амина гадаадад суралцаж байгаа бололтой?
-Тийм ээ, гадаадад нэгдүгээр курст суралцаж байна. График, дизайны чиглэлээр.
-Аав, ээж хоёр нь сэтгүүлч, утга зохиолын хүмүүс хойно охидууд тань шүлэг бичих гэж оролдоно биз?
-Уг нь миний охин Амина “галзуу” бичнэ. Гэхдээ би үндсэн сайн мэргэжилтэй байх ёстой гэж шаарддаг. Хүн авъяастай, асар ихийг уншсан байхад юу л бол юуг бичиж чадна. Амина маань өгүүллэг, шүлэг хааяа бичсэн харагддаг. Угаасаа утга зохиолд уран зураг ойлгох мэдрэмж хэрэгтэй юм шиг санагддаг. Охидууд минь уран зураг, сонгодог урлагт ерөнхийдөө дуртай шүү. Миний олгосон хүмүүжил юм даа.
-Цаашид роман ч юм уу өөр, том төрөлд хүчээ сорих бодол
байна уу, Танд?
-Байгаа. Би түрүүн хэлсэн шүү дээ. Сард хоёр ч тууж бичиж чадах байсан гэж. Тиймээс ингэж адилхан олон зүйлд зориулах цаг хугацаагаа өөр зүйлд зарцуулна. Эмэгтэй гол дүртэй түүхэн роман бичнэ.
-Монголын зохиолчдоос хэний бүтээлийг уншдаг вэ?
-Хэд хэдэн хүндэлж явдаг зохиолч бий. Монгол юмаа үгүйсгэх нь буруу юм билээ. Биднийг олон оронд мэдэхгүй байж болно. Гэхдлээ Монгол ийм жижиг улс ч өөрийн гэсэн зохиолчтой, дуучинтай, соёлтой байгаа нь бидний бахархал. Соёлоо хадгалж үлдэх маань бидний нэгдүгээр зорилго байх ёстой. Тийм ч учраас миний хайртай зохиолч Инжинаашаас эхэлнэ. Нацагдорж гуайн “Харанхуй хад”-аас эхлээд өгүүллэгүүдийг нь унших бүртээ биширдэг. Лодойдамба гуайн “Солонго” гоё өгүүллэг. Лувсанпэрэнлэй гуай сайн өгүүллэгүүдтэй. Дашдооров гуайн “Айлын хөөрхөн Алгирмаа” бол ёстой гайхмаар. Удвал гуай байна. Мань хүн миний бүр идеал. “Одгэрэл”, “Ховор хүн” хоёр нь ёстой гайхамшигтай. Эрчүүдийн гаргаж ирж бичээгүй юмыг бичсэн юм биш үү. Энэчлэн биширдэг хүн зөндөө. Одоо үеийнхнээс Єлзийгийн өгүүллэгүүдэд дуртай. Болор-Эрдэнийн өгүүллэг сонирхолтой, өвөрмөц шийдлээр бичдэг. Эднийгээ цаашдаа улам ихийг хийгээсэй гэж хүсдэг. Ялангуяа үргэлжилсэн үгийн төрөлд эмэгтэйчүүдээ бүгдийг нь хүч үзээсэй гэж боддог. Сүүлийн үед Эмүжин орж ирсэн байна. Ингээд бодохоор эмэгтэйчүүд л хүч түрээд байна аа даа, уран зохиолд.
-Гэхдээ эд бүгд таны өрсөлдөгч шүү дээ?
-Єрсөлдөгч гэж ерөөсөө боддоггүй ээ. Харин ч дэмждэг. Мартсанаас, би Эрдэнэсолонгыг шүлэг л бичдэг юм байх гэж бодтол “Цаг төр” сэтгүүл дээр зургаан настай хүүхдийн анхны хайрын тухай ёстой хөөрхөн юм бичжээ. Бас Америкт байдаг гэсэн байх аа, Бум-Эрдэнийн “Алсад зорчсон Жерри” гээд бэсрэг тууж интернэтэд тавигдсан байсан. Надад үнэхээр таалагдсан. Энгийн мөртлөө, цаанаасаа хөнгөн, хошин аястай, яг монголын уран зохиолд дутагдаж байгаа зүйл.
-Yс засалтаа өөрчилснөөс гадна Та нээрээ урьдынхаасаа ч залуу харагдаж байна. Юутай холбоотой вэ?
-Мэдэхгүй, юутай холбоотой юм бол. Би гоо сайхандаа анхаарч байна гээд бусад шиг өдөржин, шөнөжин нүүрэндээ цагаан маск шавчихаад сууж байдаг хүн биш шүү дээ. Бараг амждаг ч үгүй. Наснаасаа залуу харагдаж байгаа нь аавын удамтай л холбоотой байх. Аав маань овор багатай. Хүмүүс намайг арван насаар залуу харагддаг гэж ярихаар аавдаа л баярладаг даа.